
Зургийг: Э.Тэнгис
Санхүүгийн байгууллагуудын хиймэл оюуны хэрэглээний судалгаанд 75 байгууллага хамрагдсанаас 29.4 хувь нь хиймэл оюун нэвтрүүлсэн байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооны шинэ судалгаанд онцоллоо.
Хиймэл оюун нэвтрүүлсэн компаниудын 23 хувь нь хиймэл оюуныг дотооддоо хөгжүүлсэн байна. Нийт байгууллагын 56 хувь нь хиймэл оюунд чиглэсэн бодлого, стратегитай бол 41 хувь нь ирэх гурван жилд дээрх чиглэлийн хөгжүүлэлтэд зориулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Санхүүгийн байгууллагууд хиймэл оюуныг хэрэглэгчийн үйлчилгээ, эрсдэл болон зээлийн үнэлгээ, мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү хэрэглэж байна.
Хиймэл оюун нэвтрүүлснээр хэрэглэгчийн үйлчилгээ сайжирсан, зардал буурсан, үр ашиг нэмэгдсэн, эрсдэлийн менежмент ахисан зэрэг эерэг үзүүлэлт ажиглагдсаныг тус судалгаанд оролцогчид тодотгосон. Хэдий тийм боловч хиймэл оюуныг нэвтрүүлэхэд хамгийн том хүндрэл нь боловсон хүчний дутагдал байгааг нийт байгууллагын 45 хувь нь тодорхойлсон байна.
Үүнээс гадна мэдээллийн нууцлал аюулгүй байдлын хамгаалалт, өндөр зардал, зохицуулалт болон комплаенсын асуудлууд байгааг дурджээ. Цаашид хиймэл оюуныг зээлийн эрсдэл бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодод хөгжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг онцолж байна.