
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын солонгос хэл дээрх оноосон нэрийн албан ёсны бичиглэлийг монгол хэлнийхтэй ойртуулж, “Монгол Улсын нийслэлийн нэрийг хангыл бичигт тэмдэглэх хэлбэрийг өөрчлөх тухай” асуудлыг хэлэлцэн "Уланбатор"-оос (울란바토르) "Улаанбаатар" (울란바타르) болгон өөрчилснийг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам лхагва гарагт мэдээлжээ.
Улаанбаатар хотын нэрийг бичих дүрмийг өөрчлөх талаар БНСУ-ын Гадаад хэргийн яамны хүсэлтийг Солонгос хэлний Үндэсний хүрээлэн хянаж үзсэний дагуу энэ шийдвэрийг гаргасан болохоо БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам тодотгосон байна. Орос хэлний дуудлагаас үүсэлтэй "Уланбатор" хэмээх бичиглэл нь монгол хэлний бичиглэл болон дуудлагаас зөрж, албан үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байсныг мөн тайлбарлажээ.
"Энэхүү шийдвэр нь хоёр улсын ард түмний хоорондох нөхөрсөг харилцан ойлголцол өргөжиж, хоёр талын харилцаа ирээдүйг харсан чиг баримжаатайгаар хөгжихөд дэм болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн тус яам мэдэгдэлдээ дурдсан байна.