
Зургийг: Na Bian/Bloomberg
Ойрх Дорнодод мөргөлдөөн ширүүсэхийн хэрээр нүүрсний үнэ эрс өсөж, дэлхийн олон бүс нутагт эрэлт нэмэгдэж байгааг Йоханнесбургийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Thungela Resources” компани мэдэгдлээ. Нүүрс хүчээ авсан нь Ираны дайнаас үүдсэн эрчим хүчний бүтээгдэхүүний тасалдалтай шууд холбоотой байна.
Газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт татарснаар улс орнууд, ялангуяа Азийн орнууд эргэн нүүрсний эрчим хүчийг гол эх үүсвэрээ болгож эхэллээ. Байгалийн хийн гол экспортлогч болох Катарын нийлүүлэлт эрчимтэй буурснаар Япон, Индонез, Вьетнам зэрэг улс нүүрснээс эрчим хүч гарган авахад төвлөрч байгаа юм.
Өмнөд Африкийн "Richards Bay "боомтоос гарах эрчим хүчний нүүрсний жишиг үнэ дайн эхлэхээс өмнө тонн нь 100 ам.доллар орчим байсан бол одоогоор 113 ам.доллар хүрснийг ӨАБНУ-д төвтэй "Thungela Resources" компани мэдээлжээ.
Он гарсаар Ази, Номхон далайн бүсийн жишиг коксжих нүүрсний фьючерс үнэ 25 гаруй хувиар өсөөд байгаа бөгөөд энэхүү өсөлтийн дийлэнх нь Ираны дайн эхэлснээс хойш бүртгэгджээ.
Сүүлийн байдлаар нүүрсний үнэ тонн нь 135.2 ам.долларт хаагдсан нь 2024 оны эцсээс хойших дээд түвшин болж байна.
Энэ хугацаанд түлшний стратегийн ихээхэн нөөц бүрдүүлсэн БНХАУ импортоос илүүтэй дотоодын нөөцөө ашиглахад төвлөрөх магадлалтай байгааг “Bloomberg Intelligence” онцолж байна.
Далайгаар тээвэрлэдэг нүүрсний тээврийн тариф нэмэгдэж, БНХАУ-ын импортын нүүрс болон дотоодын нүүрсний үнийн зөрүү улам тэлэх төлөвтэй нь үүнд нөлөөлөх аж. Иймд геополитикийн зөрчил, гол нийлүүлэгч Индонезийн тээвэрлэлтийн өртөг нэмэгдсэнээс шалтгаалж тус улсын нүүрсний импорт 2026 оны эхний улиралд биет хэмжээ нь өмнөх оноос найман хувиар буурч, 106 сая тонн болох төсөөллийг “Bloomberg Intelligence” танилцууллаа.