
Зургийг: Э.Тэнгис
Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулан, Засгийн газарт танилцуулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барина гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ.
Засгийн газар геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий зөвлөл байгуулаад байгаа юм.
Хуулийн төсөлд төсвийн нийт зарлагыг нэмэхгүйгээр зохицуулалт хийх, хэрэгжиж эхлээгүй төсөл арга хэмжээг зогсоох, импортын зарим бараа, бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас түр хугацаанд чөлөөлөх, гадаад зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалт оруулж байгаа. Энэ хүрээнд төсвийн хэмнэлт хийх, шаардлагатай бол төсөвт тодотгол хийх бэлтгэл ажил хангахыг Сангийн яамд даалгахаар болжээ.
“Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Иймд стратегийн нөөц бүрдүүлэх чиглэлд хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөц бэлтгэх, хүнсний бүтээгдэхүүн, эмийн нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллах”-ыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.