
Зургийг: С.Батсайхан
2025 онд дэлхийн хэмжээнд агаарын чанар муудаж, олон хот Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөс доогуур түвшинд орсныг "IQAir"-ийн шинэ тайландаа онцоллоо. Үүнд ой, хээрийн түймэр,шатах түлш, хөдөө аж ахуйн салбарын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт голлон нөлөөлсөн байна.
Судалгаанд хамрагдсан 143 улсын 9446 хотын 14 хувь нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын стандартыг хангажээ. Энэ нь 2024 оноос гурав орчим нэгж хувиар буурсан дүн болж байна.
Агаарын бохирдол нь хүн төрөлхтний оюуны чадамж, хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, улмаар эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлдгийг "IQAir"-ийн Гүйцэтгэх захирал Франк Хаммес онцолжээ.
Тайланд дурдсанаар хамгийн бохирдолтой хотуудын дийлэнх нь Энэтхэг, Пакистан, БНХАУ-ын хотууд байгаа аж. Жилийн дундаж PM2.5 үзүүлэлтээр Пакистан, Бангладеш улс тэргүүлсэн бол Францын Полинези, Пуэрто Рико зэрэг бүс нутаг хамгийн цэвэр агаартай гэж бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд 9400 гаруй хотоос 1211 дүгээрт эрэмбэлэгджээ. 2025 онд агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж дунджаар 17.9 байсныг тогтоосон нь өмнөх онд 25.7 байсантай харьцуулбал 30 хувиар буурсан үзүүлэлт болж буй.