logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Аялал жуулчлалыг дэмжих 6 хувийн хүүтэй, 6 хүртэлх жилийн хугацаатай зээл олгож эхлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 09:40
    260

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон батлаад байна

    Аялал жуулчлалын салбарыг дэмжих зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл зарлагдсаныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдээллээ.

    Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан дэд бүтцийн бүтээн байгуулалт буюу зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, агаарын тээвэр болон жуулчин тээврийн хэрэгсэл гэсэн чиглэлд олгоно.

    Зээлийн зориулалтаас шалтгаалж үндсэн төлбөрөөс 12-76 сар хүртэл чөлөөлөх бол агаарын тээврийн хэрэгслээс бусад чиглэлд зээл олгох дээд хэмжээ долоон тэрбум төгрөг хүртэл байна.

    Энэ онд нийт 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор тооцоолж, хүүгийн дэмжлэгт зориулж 13 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасныг салбарын сайд мэдээлж байсан юм.

    2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Засгийн газар энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна.

    “Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайн салбараар хэмжихгүй. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжихээр ажиллаж байгаа, энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар тодотгож байв.  

    Энэ онд Монгол Улсад спортын 14, соёлын аялал жуулчлалын 99 арга хэмжээ болон олон улсын хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг 140 орчим үйл явдал зохион байгуулагдана. 

    Cэтгэгдэл бичих