
Нийслэлийн мега төслүүдийн нэг болох Туулын хурдны зам төслийн нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд таван жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийхээр тооцоолсныг НЗДТГ мэдээллээ.
Туулын хурдны замын төсөвт өртгийг 2026 онд 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ.
Нийт 32 км урттай Туулын хурдны замын трасст 43.2 га талбай өртөхөөр тооцоолсноос 10 га нь мод, бут таарч байгаа бөгөөд үүнийг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай гэж мэдээлсэн юм. Хохирлын хэмжээ 805 сая төгрөг байх тооцоо гарчээ. Мөн нөхөн сэргээлт хийх нийт талбайг 118 га байна гэж үзэж байна.
Амралтын өдрүүдэд төслийг эсэргүүцсэн иргэд мэдэгдэл хийх үеэр "Туулын хурдны замыг барьснаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хангалттай нөлөөгүй, зөвхөн транзит тээвэр л түлхүү зорчихоор байна" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж байгаа тооцоолол гарсан аж.
Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13 км/ц байдаг. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна гэж тооцоолжээ.
Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр үнэлгээгээр Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасныг НЗДТГ тодотголоо.