
Зургийг: С.Батсайхан
Шведийн Гётеборгийн их сургуулийн “V-Dem” буюу “Varieties of Democracy” институт дэлхийн ардчиллын нөхцөл байдалд үнэлгээ хийж, жил бүр танилцуулдаг Ардчиллын тайлангийнхаа 2025 оны хувилбарыг гаргалаа. Тайланд дүгнэснээр дэлхийн дундаж иргэний хувьд ардчилал 1978 оны түвшиндээ хүрч ухарсны сацуу 1970-аад оны үед эхэлсэн ардчиллын гурав дахь давлагаа өнөөдөр үндсэндээ сарниж үгүй болсон байна.
Дэлхийн хэмжээнд ардчилал хүчээ алдахад сүүлийн 50 гаруй жилийн турш либерал ардчилсан орнуудын гол төлөөлөгч байсан АНУ анх удаа зэрэглэл доошилж, “төлөөллийн ардчилсан” орнуудын бүлэг рүү орсон нь ихээр нөлөөлсөн гэж "V-Dem"-ийн шинжээчид үзжээ. Мөн автократ буюу улс төрийн дарангуйлалт тогтолцоо руу хэвийж буй гэж дүн тавиулсан 10 шинэ улс 2025 онд нэмэгдсэний дунд АНУ Их Британи, Итали багтжээ.
Ардчиллаас ухарч, автократжиж буй ангилалд 44 улс одоогоор хамрагдаж буй бөгөөд улс орнууд ийм олноороо нэгэн зэрэг автократжиж байсан тохиолдол урьд нь дэлхийн түүхэнд гараагүйг "V-Dem" анхааруулсан байна. Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан дэлхийд автократ тогтолцоотой орнуудын тоо ардчилсан орнуудаас давжээ. Тайланд 179 улсыг үнэлснээс 57 нь сонгуульт автократ, 35 нь хаалттай автократ дэглэм гэж үнэлэгдсэн бол либерал ардчилсан 31, сонгуульт ардчилсан 56 орон тоологдсон байна.
Түүнчлэн дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч таван улсын дөрөв нь буюу БНЭУ, БНХАУ, Индонез, Пакистан улс автократ тогтолцоотой байна. Тодруулбал: дэлхийн нийт хүн амын 74 хувь буюу зургаан тэрбум орчим хүн автократ дэглэмд, ердөө 26 хувь нь ардчилсан засаглалд амьдарч байна гэж тооцоолжээ.
“Саарал бүс”-д
Засаглалын төлөвт тодорхойгүй байдал давамгайлсан, ардчилал ба автократ дэглэмийн аль ч тал руу хэвийж болохоор орнуудыг V-Dem “Саарал бүс”-ийн орнууд гэж ангилж буй. 2025 оны байдлаар дэлхийд ердөө 21 орон тус бүсэд багтаж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна.
1992 оноос хойш Азийн ардчиллын баянбүрд байж, дээрх тайланд “төлөөллийн ардчилсан” орны зэрэглэлээ 30 гаруй жилийн турш тогтвортой хадгалсан Монгол Улс 2023 онд "Саарал бүс" рүү орсон бол 2024 онд автократжиж, дарангуйллын ирмэг дээр ирсэн орнуудын эгнээнд шилжээд байлаа. Харин 2025 онд 11 улс автократжих мөчлөгөөс гарч чадсаны нэг нь Монгол Улс болж, иргэдийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, сонгуулийн ардчилал болон тэгш эрхийн үзүүлэлтүүдэд сайжирснаар төлөөллийн ардчилалт орнуудын "Саарал бүс" рүү зэрэглэл ахижээ.