
Зургийг: Anthony Wallace/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Дөрвөн жил орчим хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байсан K-pop-ийн мега од “BTS” хамтлаг шинэ цомогтойгоор, “Netflix”-тэй хийсэн шууд дамжуулалтын гэрээтэйгээр эргэн ирж байна. Мөн хамтлагийн төлөвлөсөн аялан тоглолт Тэйлор Свифтийн олон “дээд амжилт”-ыг эвдсэн "Eras Tour"-тэй өрсөлдөхүйц түвшний орлого олох магадлалтай аж.
Гуравдугаар сарын 21-нд Сөүл хотын Гванхвамун талбайд болох “BTS The Comeback Live | Arirang” үнэ төлбөргүй тоглолтыг үзэхээр 260 мянга гаруй шүтэн бишрэгч нь цуглах тооцоолол гарчээ. “BTS”-ийн гишүүд 2022 онд цэргийн алба хаахаар явцгааснаас хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гарах тайз нь алдарт Кёнбоккун ордны өмнө засагдаж буй тайз болж байна. Тоглолтын өмнөх өдөр "Arirang" нэртэй шинэ цомог нь гарч, дэлхийн таван тивийг тойрсон 82 удаагийн тоглолтынх нь эхлэлийг албан ёсоор тавих юм.
“BTS”-ийн эргэн ирэлт БНСУ-д ховор тохиох үндэсний баярын хэмжээний эрэлт, хэрэглээг өдөөх хүлээлттэй байна. Үнэгүй тоглолт нь Сөүл хотын эдийн засагт дангаараа 177 сая ам.долларын нөлөө үзүүлэх тооцооллыг “Bloomberg” гаргажээ. Нислэг, зочид буудал, хоол хүнс, мерчандайз, стриминг зэрэг тоглолттой холбоотой бүхий л хэрэглээний зардлыг нэгтгэвэл ийм түвшний дүн гарах аж. Харьцуулбал "Eras Tour"-ийг хүлээн авсан АНУ-ын хотуудад дунджаар 50-70 сая ам.долларын орлого орж байжээ.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2022 оны дата дээр суурилж тооцвол “BTS” зөвхөн аялан тоглолтын тасалбар, мерчандайз бүтээгдэхүүний борлуулалтаас 800 сая ам.долларын орлого олох боломжтой аж. Амьд тоглолтын тасалбарын үнэ сүүлийн жилүүдэд эрс өссөнийг харгалзан үзвэл дээрх тооцоолол харьцангуй даржинд тооцогдох юм.
БНСУ-ын брокерын компаниуд “BTS”-ийн аялан тоглолтын орлогыг хамаагүй өндрөөр тооцоолж буй. Тухайлбал: “IBK Investment & Securities” тасалбар, мерчандайзын борлуулалтын маржиныг багаар тооцвол хамгийн багадаа 2.9 их наяд вон буюу хоёр тэрбум ам.доллар олно гэж үзжээ. Харин “IM Securities”-ийн тооцооллоор зөвхөн тасалбарын борлуулалтаас 1.5 их наяд вон олох магадлалтай байгаа аж.
Хэрэв “BTS” хамтлаг болон тэдний менежер “Hybe Co.” агентлаг веб сайт дээрээ зарласан “MORE TO COME” амлалтаа бодит болгож, одоогоор 82 удаа гэж төлөвлөсөн тоглолтынхоо тоог нэмэгдүүлбэл нийт орлого нь Тэйлор Свифтийн “дээд амжилт”-ыг эвдэх ч боломжтой. Дуучин Тэйлор Свифт нийт 149 удаагийн тоглолтоос 2.2 тэрбум ам.долларын ашиг олсон юм.
Өөрсдийгөө ARMY гэж нэрлэдэг “BTS” хамтлагийн фенүүд шүтдэг хамтлагаа олон жилийн дараа дахин тайзнаа харахыг тэсэн ядан хүлээж буй тул одоогоор зарлагдсан тоглолтуудын тасалбар бараг гарсан даруйдаа дуусаж байгаа аж.