
Зургийг: Aaron Schwartz/CNP/Bloomberg
(Bloomberg) -- Дональд Трамп болон АНУ-д айлчилж буй Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи нар уулзалтынхаа үеэр АНУ-ын өмнөд бүс нутагт цөмийн эрчим хүчний төслийг хамтран хөгжүүлэхээр тохиролцсоноо мэдэгдлээ. Энэ нь хоёр улсын 2025 онд байгуулсан худалдааны гэрээний нэгээхэн хэсэг юм. Үүний дагуу АНУ-ын “Ge Vernova” компани Японы “Hitachi”-тай хамтран Теннесси болон Алабама мужид нийт 40 тэрбум ам.долларын өртгөөр цөмийн жижиг реакторууд барих юм байна.
Түүнчлэн Япон улс Пеннсилвани, Техас мужид байгалийн хийн цахилгаан станц барихад 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Эдгээр төсөл нь АНУ-д эрчим хүчний үнийг тогтворжуулж, дэлхийн технологийн салбарын өрсөлдөөн дэх манлайллыг нь улам бэхжүүлэх зорилготой гэдгийг Цагаан ордон тодотголоо.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Санаэ Такаичитэй уулзахдаа Ормузын хоолой руу байлдааны хөлөг илгээгээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Япон улсын хувьд түүхий газрын тосны импортынхоо 90 хувийг Ойрх Дорнодоос авдаг. Энэ утгаараа Ираны дайн болоод эрчим хүчний үнийн өсөлт иргэдийнх нь амьжиргааны зардалд шууд нөлөөлөхөөр байгаа аж.
Мөн Япон улсын Үндсэн хууль гадаад улс руу цэргийн хүч илгээхийг хязгаарласан хатуу заалттай байдаг талаар Санаэ Такаичи Дональд Трампт тайлбарласан гэдгээ мэдээлжээ.