
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувьтай гарсан байна.
Мөн хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61 хувьтай хэрэгжсэнийг Засгийн газрын тайланд мэдээлжээ. Гүйцэтгэлийг өмнөх онтой харьцуулахад төдийлөн ахицгүй, тэргүүлэх чиглэл, хөтөлбөр, төсөл арга хэмжээний үр дүн 0.14-3.8 хувиар өссөн. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарын гүйцэтгэл өмнөх оноос 9.7 хувиар буурсан байна. 2025 оны төсөвт тодотгол хийж, танасан нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын гүйцэтгэл буурахад нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Тэргүүлэх чиглэл дотроо бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт 45 хувьтай байна. Өдөрт хоёр ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулийн тоо буураагүй. Энэ нь хотын хөгжлийн индексийн боловсрол, хувь хүний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг тодотгосон байна.
Хүний хөгжлийн индекс 2025 онд 0.747 болж, өмнөх оноос 0.006 функтээр өссөн хэдий ч дэлхийн хэмжээнд 104 дүгээрт бичигдсэн юм. Эрэмбэ ухарсан шалтгаан нь чанартай боловсролын хүртээмж сул байгаагаас гадна монгол хүний дундаж наслалт 72.7-оос 71.7 болж буурсантай холбоотой байна.
2025 онд 180 төсөл арга хэмжээг 9.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч 5.4 их наяд төгрөг зарцуулсан аж. Үүнээс шалтгаалан 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан 326 төсөл арга хэмжээний 50.3 хувь нь 85 хувиас доош гүйцэтгэлтэй гарчээ.
Үүнээс гадна хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ судалгаа тооцоолол, урьдчилсан бэлтгэл хангалтгүй зэргээс шалтгаалсныг дурдсан байна.