
Зургийг: Harri Tarvainen/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны эрэмбэ пүрэв гарагт танилцуулагдаж, Финланд улс ес дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдэв.
Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллага хамтран улс орнуудын иргэд амьдралын чанараа хэрхэн үнэлснийг сүүлийн гурван жилээр дундчилан уг тайланг танилцуулдаг. Ингэхдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, эрүүл амьдрах хугацаа, эрх чөлөөний мэдрэмж, нийгмийн итгэлцэл, өгөөмөр чанар зэрэг олон хүчин зүйлсийг суурь хэмжүүр болгодог юм.
Өнгөрсөн оны эрэмбэд 147 орноос 77 дугаарт бичигдэж байсан Монгол Улс энэ онд 75 дугаарт бичигдэж, хоёр байр урагшилсан байна.
10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошилж, 61-ээс 77 руу ухарч байлаа. Урт хугацааны ахиц буюу 2005-2010 оны үзүүлэлтээсээ 2022-2024 онд ахисан байдлаар Монгол Улс тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм.