logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Иргэд нь АНУ-ын виз хүсэхдээ $15,000-ын барьцаа байршуулах орны тоонд Монгол Улс багтжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 13:00
    608

    Зургийг: Andrew Harnik/Getty Images

    (Bloomberg) -- АНУ-ын Төрийн Департамент виз мэдүүлэгчдээс барьцаа хөрөнгө шаардах "Визийн бонд" хөтөлбөрт хамруулсан орнуудын жагсаалтдаа шинээр 12 улс нэмсний дунд Монгол Улс багтсан байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барууны бус орнуудаас ирэх цагаачлалын хяналтыг чангаруулсан ээлжит томоохон алхам болж байна.

    Жагсаалтад багтсан орнуудын иргэд АНУ-д зорчих виз мэдүүлэхдээ 15 мянган ам.доллар хүртэлх дүнтэй барьцаа байршуулах юм. Тиймээс 2026 оны дөрөвдүгээр сарын хоёрноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө Консулын зааврын дагуу барьцаа байршуулсан байх ёстойг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.

    unnamed.jpg

    Өнгөрсөн онд АНУ голчлон Африкийн орнуудаас бүрдсэн 38 улсыг "Визийн бонд" хөтөлбөрт анхлан хамруулаад байсан бол энэ удаа Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикийн арлууд, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис гэсэн 12 улсыг нэмсэн байна. 

    Дональд Трампын засаг захиргааны зүгээс дээрх хөтөлбөрийг гадаадын иргэд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлэн зорчихыг хязгаарлахаас гадна төсвийн орлогыг нэмэгдүүлэх, богино хугацаатай аялагчдад тавих хяналт шалгалтыг чангатгах зорилготой арга хэрэгсэл гэж тайлбарласан юм.

    Төрийн Департаментын мэдээлснээр барьцаа нь 5000 ам.доллар, 10 мянган ам.доллар, 15 мянган ам.доллар гэсэн гурван шатлалт дүнтэй байх бөгөөд визийн ярилцлагын үеэр барьцааны дүнг тодорхойлох аж. Мөн барьцаа байршууллаа гээд виз зөвшөөрөгдөх баталгаа байхгүйг сануулсан байна. Хэдий тийм боловч зөвшөөрсөн, татгалзсанаас үл хамааран барьцааны дүнг бүрэн буцаан олгоно гэжээ. 

    Үнэхээр шударга шийдвэр үү?

    Ийнхүү Монгол Улс сар орчмын хугацаанд иргэдийнх нь АНУ-д зорчих, оршин суух боломжийг хумьсан хоёр ч жагсаалтад багтаж байна. Нэгдүгээр сард тус улс дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэсний дунд манай улс багтсан юм. 

    АНУ-ыг зоригсод визийн хугацаагаа хэтрүүлэх магадлалаар Монгол Улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж түвшинд багтаж байна. Тодруулбал: 2023 онд Монголоос АНУ руу тухайн жилдээ буцах визтэй 10,600 иргэн зорчсоноос 400 нь буюу 3.77 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Харин 2024 онд 13,595 иргэнээс 2.73 хувь буюу 371 хүн хугацаа хэтрүүлснийг АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын агентлагийн дата  харуулж байна. Харьцуулбал визийн бондын шаардлагад багтаагүй буй Казахстан улсаас зорчигсдын 4.27 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ.

    Дашрамд дурдахад, дээрх шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам пүрэв гарагт АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээс бүрдсэн дипломатуудыг дуудаж уулзжээ. Уулзалтаар Монголын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын Элчин сайдын яамыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

    Cэтгэгдэл бичих