logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээж, Жером Пауэлл шалгах ажиллагаа дуусах хүртэл ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгдэв
    Catarina Saraiva
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 19 10:10
    168

    Зургийг: Kent Nishimura/Bloomberg

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 3.5-3.75 хувьд хэвээр үлдээлээ

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 3.5-3.75 хувьд хэвээр үлдээж, энэ онд нэг удаа бууруулах боломжтой гэсэн хүлээлтээ хадгаллаа.

    Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл инфляц, ялангуяа тарифын нөлөөтэй үнийн өсөлт буурч, бодит ахиц гарах хүртэл бодлогын хүүг бууруулахгүй гэдгийг мэдэгдэв.

    Мөн энэ оны инфляцын төлөвийг 2.4 хувь байснаас 2.7 хувь болгон ахиулсан бол хүнс, эрчим хүчний бүлгийн үнийг хасаж тооцсон суурь инфляц 2.7 хувььд хүрнэ гэж үзэж байна. Сүүлийн таван жилд АНУ-ын инфляц Төв банкных нь зорилтот хоёр хувийн түвшнээс дээгүүр  хадгалагдаж байгаа юм.

    Дээрх шийдвэрийн дараа АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш болон “S&P 500 Index” өндөр дүнгээр уналаа. Харин арилжааны зургаан өдөр дараалан унасан алтны ханш харьцангуй тогтворжсон бол ам.долларын ханш чангарсан хөдөлгөөнтэй байна.

    Холбооны нээлттэй зах зээлийн хороо 11:1 саналын харьцаагаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн Стефен Миран л 0.25 хувиар бууруулах эсэргүүцсэн санал гаргажээ.

    Жером Пауэллийн хувьд Ойрх Дорнодын дайны эдийн засагт үзүүлэх нөлөөний цар хүрээ, үргэлжлэх хугацаа тодорхойгүйг онцлоод газрын тосны үнийн өсөлт ихэвчлэн инфляцыг түр хугацаанд хөөргөддөг тул бодлогын хүүг өсгөх шалтгаан болохгүй. Харин урт хугацаандаа инфляц хоёр хувьд тогтворжих хүлээлт илүү чухал байгааг онцолж байна.

    Үүнээс гадна Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед шинэ тэргүүн томилогдохгүй бол түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийг нь болон Төв банкийг шалгаж буй Хууль зүйн яамны мөрдөн шалгалт дуусах хүртэл ажлаа орхихгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. “Шалгалт бүрэн, ил тод дуусах хүртэл Удирдах зөвлөлөөс гарах бодолгүй” гэдгээ сүүлийн мэдэгдэлдээ онцолсон нь түүний энэ талд байр сууриа илэрхийлсэн анхны тохиолдол болж байна.

    Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах ч 2028 он хүртэл Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах ёстой. Хэдий тийм боловч шалгалт дууссаны дараа үлдэх эсэхээ байгууллага болон олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлан шийднэ гэж мэдэгджээ.

    АНУ-ын Хууль зүйн яам нэгдүгээр сард барилгын засварын зардлын хэтрэлтэй холбоотойгоор Холбооны Нөөцийн банканд зарлан дуудах бичиг хүргүүлсэн юм. Харин Жером Пауэлл энэ шалгалтыг улс төрийн шалтгаантай, тэр дундаа Дональд Трампын шаардлагаар бодлогын хүү тогтоохоос татгалзсантай холбоотой гэж тайлбарлаж байв.

    Cэтгэгдэл бичих