
Зургийг: erdene.com
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тус компанийн 61.8 сая ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн Хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 69 мянга 171 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр тус компанийн Монголын Хөрөнгийн бирж дээрх нийт хувьцааны тоог 61.9 сая ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг мэдээлэв.
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компанийн хувьцааны ханш 2026 он гарсаар 6.8 хувиар буурсан хөдөлгөөнтэй, гуравдугаар сар гарсаар 20 мянган төгрөгөөс доогуур түвшинд арилжаалагдаж байна. Хэдий тийм боловч өмнөх оны мөн үеэс 74 хувиар эрчимжжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард анхны алтаа олборлосноо мэдээлсний дараа хувьцааны ханш нь 24 мянган төгрөг давж, дээд түвшинд хүрч байсан юм. Харин 11 дүгээр сараас хойш 19 мянган төгрөгт тогтвортой арилжаалагдаж байна.
Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь гуравдугаар сарын 17-ны хаалтын ханшаар тооцоход 1.17 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.