logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төсвийн алдагдал 27.3 хувиар өсөж, ₮720 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 18 10:00
    249

    Зургийг: Э.Тэнгис

    Төсвийн зарлага өсөхөд хөрөнгийн зардал 13 хувиар, урсгал шилжүүлэг 10.6 хувиар, бараа үйлчилгээний зардал 5.8 хувиар, хүүний зардал гурван хувиар өссөн нь нөлөөлжээ

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр дөрвөн их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 56 тэрбум төгрөгөөр буурлаа.

    Харин нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөг болж, 98.2 тэрбум төгрөгөөр өссөнөөр тэнцвэржүүлсэн тэнцэл 720 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

    Алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болохоор байна.

    Төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлого баримталж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд алдагдлыг 2027 онд -0.8 хувь, 2028 онд 0.4 хувь, 2029 онд 0 хувь хүргэх байдлаар төлөвлөх зөвлөмжийг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл гаргаад байгаа юм.

    Төсвийн орлого бүрдүүлэхэд татварын орлого нийт дүнгээрээ 1.8 хувиар буурснаас АМНАТ 39.3 хувь, онцгой албан татварын орлого 38.1 хувиар буурчээ.

    Автомашины импорт буурч байгаа нь онцгой албан татварын орлого буурахад нөлөөлж буй юм.

    Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төсөл батлагдвал ирэх оноос төсвийн орлогод -4 хүртэлх их наяд төгрөгийн нөлөө үзүүлэхээр байгааг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл танилцуулаад байна. Эдийн засгийн эрсдэл өндөр байгаа үед зарлагын тэлэлт нь төсвийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхийг анхаарах шаардлагатай. Цаашид төсвийн төлөвлөлтийг гадаад, дотоод орчны хүчин зүйлсийг харгалзан хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан оновчтой төлөвлөх нь чухал байгааг анхааруулсан юм.

    Төсвийн зарлага өсөхөд хөрөнгийн зардал 13 хувиар, урсгал шилжүүлэг 10.6 хувиар, бараа үйлчилгээний зардал 5.8 хувиар, хүүний зардал гурван хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин Засгийн газрын урсгал шилжүүлэг 24 хувиар, татаас 39.5 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна.

    Төсвийн нийт зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурч байгаа ч цаашдаа нийт зарлагад урсгал зардлын эзлэх хувь өсөх хандлага ажиглагдаж буй. Мөн гадаад өрийн үйлчилгээний зардал нэмэгдэх төлөвтэй, уул уурхайн салбараас хэт хамааралтай хэвээр байгаа зэрэг нь төсөвт эрсдэл дагуулж буйг эдийн засагчид тодотгож байна. 

    Cэтгэгдэл бичих