
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайн инфляцын шинэ эрсдэлийг өдөөгөөд буй энэ үед дэлхийн томоохон Төв банкнуудын бодлого тодорхойлогчид энэ долоо хоногт бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулах гэж байна. Төв банкнууд энэ удаа бодлогын хүүг бууруулах мөчлөгөө түр азнах, эсвэл эргээд өсгөх магадлал ч бий.
Эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ цойлсон нь хэрэглээний үнэ, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж буй Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк, Английн Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх хүлээлт давамгайлж байна. Эдгээр гурван банк, мөн энэ долоо хоногт шийдвэрээ танилцуулах бусад 18 улсын Төв банк нийлээд дэлхийн эдийн засгийн 2/3-ийг хянадгийн хувьд инфляцын ээлжит “шок”-ийн эрсдэлийг үнэлж, илүү болгоомжтой ажиллах нь дамжиггүй.
Зах зээл яг таг тааварлаж чадахгүй байгаа ч зөрчил мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс их зүйл хамаарахаар байна. Дональд Трампын дараагийн алхам хаашаа эргэх, газрын тосны үнийн савлагаанаас олон улсын эдийн засагт стагфляц буюу өндөр инфляц, зогсонги өсөлт хослох нь хөрөнгө оруулагчдын санааг чилээж буй гол зүйлс юм.