
Зургийг: parliament.mn
УИХ-ын хаврын ээлжит чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох саналаа танилцуулахаар товлоод байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гурван жил хагасын хугацаанд Эрчим хүчний сайдаар ажиллах үедээ ямар үр дүнтэй ажилласнаа тун удахгүй тоо баримтаар танилцуулахаа мэдэгдсэн юм. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд 560 мегаваттын эх үүсвэр шинээр ашиглалтад орсон ч жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтөө гүйцэхгүй байгааг дурдаж байсан удаатай.
Харин П.Наранбаяр 2024 оноос Боловсролын сайдаар ажилласан. Өнгөрсөн оны улсын төсвийг хэлэлцэх үеэр багш нарын ажил хаялттай холбоотойгоор хэлэлцээрт орж, багш нарын үндсэн цалингийн нэмэгдлийг төсөвт тусгуулсан юм.
Мөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Австри улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэхээр товложээ.
Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцэхээр байна.