
Зургийг: mca-mongolia.gov.mn
Өдөрт 50 мянга, жилд 18 сая шоо метр хүртэлх усыг дахин боловсруулж, Дулааны III, IV цахилгаан станцуудад нийлүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан гурван үндсэн төслийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд амжилттай бүтээн байгуулж, ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Монгол дахь энэ төрлийн анхны томоохон төсөл болж буй тус үйлдвэр нь Улаанбаатарын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус нэвтрүүлэх юм.
Улаанбаатар хот хоногт 150-170 мянган шоо метр ус газрын гүнээс авч ашигладгаас 20-22 хувь нь эрчим хүчний хэрэглээнд зориулагддаг байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс станцуудын үнс зайлуулах, цамхаг хөргөх зэрэг техникийн хэрэгцээнд ус нийлүүлснээр нийт усны хэрэгцээнийх нь 18 сая хүртэлх шоо метрийг хангах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэхүү бүтээн байгуулалтаар хаягдал ус цэвэрлэх үйлдвэрээс гадна 12 км дамжуулах шугам хоолой, 4000 шоо метр багтаамжтай нөөцийн сав, өргөлтийн насос станцыг барьж байгуулжээ. Үйлдвэр байнгын ажиллагаанд орсноор Монгол Улсад усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай удирдах болон хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэх ирээдүйн сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэх юм.
Төслийг хэрэгжүүлэхэд нийт 4516 хүн ажилласны 98 хувь нь монгол инженер, техникийн ажилтнууд байсан бөгөөд үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “М-Си-Эс Проперти” ХХК, ус дамжуулах шугам систем, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг “М Си Эс Интернэйшнл” компани тус тус гүйцэтгэжээ.
462 сая ам.долларын өртөгтэй Усны Компактын ээлжит том бүтээн байгуулалт ийнхүү ашиглалтад орлоо. Таван жилийн турш үргэлжилсэн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр гуравдугаар сарын 31-нд бүрэн хэрэгжиж дуусахыг Монголын Мянганы Сорилтын Сан мэдээлсэн юм.
Монголын Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл
Монголын Мянганы Сорилтын Сангийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан