logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Н.Учрал: Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Төрийн хүнд суртлыг бууруулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 16 15:30
    222

    Зургийг: president.mn

    У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

    УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Эдийн засгийн өсөлтийг тэтгэж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж, Төрийн оролцоог бууруулахад чиглэсэн хууль тогтоолын төслүүдийг батлахад гишүүд онцгойлон анхаарах шаардлагатай гэж УИХ-ын дарга Н.Учрал чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцлов.

    УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг намрын чуулганы төгсгөлд УИХ-аар хэлэлцэн баталсан бөгөөд хаврын чуулганаар нийт 32 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр байна. Эдгээрээс бизнес эрхлэгчдэд шууд хамааралтай хэд хэдэн хууль байгааг УИХ-ын дарга тодотголоо. Тухайлбал: Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь Төрийн хүнд суртлыг бууруулахад чиглэнэ. Мөн зээлийн хүүг бууруулах, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, банкны салбарын үр ашигтай шинэ хөгжлийг бий болгоход Ази, Европын банкнуудыг Монголд урих, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм.

    Мөн Татварын багц хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтой тул цаг алдалгүй батлах шаардлагатай гэж үзэж байна. Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэхээр байгааг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл илэрхийлж байв.

    Түүнчлэн УИХ тэтгэврийн тогтолцоо, эрүүл мэндийг дэмжих, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах, авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг сайжруулах зэрэгт чиглэсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална.

    Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

    Өргөсөн тангаргаасаа няцсан, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар хуулийн төсөлд тусгасан байна. 

    Геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед УИХ, Засгийн газар тулгамдсан асуудлуудыг урьдчилан тооцож, төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дайчлан, эрсдэлийг сөрсөн оновчтой бодлого хэрэгжүүлж, нягт хамтран ажиллах нь зүйтэйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

    Мөн Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй гэсэн байр сууринаас энэхүү хуулийн төслийг өргөн барьснаа мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих