
Зургийг: Э.Тэнгис
Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжааны идэвх саарч эхэллээ. Тухайлбал: гуравдугаар сарын эхний 15 хоногт нийт 8.3 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагджээ. Энэ оны эхний хоёр сард хувьцааны арилжаа эрчээ авсаар зөвхөн хоёрдугаар сард 23.5 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдаж байв. Харин улирлын сүүлийн сард нийт арилжааны идэвх буурах төлөвтэй байна.
Өнгөрсөн онд ч мөн III, IV сард хувьцааны арилжаа саарч байсан нь хөрөнгө оруулагчдын идэвх энэ саруудад буурах хандлагатай байгааг харуулж байна.
Харин бондын арилжаа нэмэгдэж, гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 8.7 тэрбум төгрөгийн бонд хоёрдогч зах зээлд эргэлджээ. Энэ нь өнгөрсөн сарын дүнг давсан үзүүлэлт боллоо. Ингэснээр энэ оны байдлаарх хамгийн өндөр бондын арилжаатай сар болох төлөвтэй байна.
ТОП-20 индекс гуравдугаар сар гарсаар харьцангуй өндөр савлагаатай байна. Хоёрдугаар сард индексийн түвшин уруудсаар байсан бол энэ сард 53 мянган нэгжийн ойролцоо хэлбэлзэж байна. ТОП-20 индекс 2026 оны эхэнд түүхэн дээд түвшинд хүрч, 55 мянган нэгж давсан бөгөөд түүнээс хойш 4.1 хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм.