
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани анх удаа өдөрт 1000 метр куб хий олборлож, өмнөх дээд амжилтаа ахиуллаа. Ингэснээр "Гурвантэс XXXV" төслийн хийн гарц хоёрдугаар сарынхаас 100 хувиар өсжээ.
Нийт олборлолтын 70 хувийг нь хамгийн сүүлд өрөмдсөн “Lucky Fox 07” цооног хангасан байна. Тус цооног нь десорбцийн түвшинд хүрсэн анхны цооног болж байгаа бөгөөд энэ нь маш чухал эргэлтийн цэг болж буйг тус компани мэдээллээ.
Өөрөөр хэлбэл "Гурвантэс XXXV" төсөлд арилжааны асар их боломж байгааг сүүлийн ахицууд тодорхой харуулж байна гэж “TMK Energy”-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон тодотгов.
Тус компанийн хувьд 2021 онд нүүрсний давхаргын метан хийн талбайд Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хайгуул, туршилт судалгааны ажлыг хөгжүүлж байгаа юм.