logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОУЭХА: Ираны дайн газрын тосны зах зээлд түүхэнд байгаагүй том тасалдал үүсгээд байна
    Grant Smith
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 13 09:00
    347

    Зургийг: Iraqi Ports/Bloomberg

    2026 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний өсөлт 25 орчим хувиар буурч, өдрийн 640 мянган баррель болох тооцоолол гаргажээ

    (Bloomberg) -- Ираны дайнаас шалтгаалан газрын тосны зах зээлд урьд хожид тохиогоогүй том хямрал нүүрлэж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 7.5 хувьтай дүйцэх хэмжээний хохирол учраад байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээллээ.

    “Ойрх Дорнод дахь дайн дэлхийн газрын тосны зах зээлийн түүхэн дэх нийлүүлэлтийн хамгийн том тасалдал үүсгээд байна” хэмээн тус байгууллага мягмар гарагт гаргасан сарын тайландаа онцолжээ. Өмнөх өдөр нь тус байгууллагын гишүүн орнууд зах зээлийг намжаах үүднээс яаралтай үед ашиглах нөөцөөсөө анх удаа  400 сая баррель газрын тос нийлүүлэхээр тохиролцоод байсан юм.

    unnamed.jpg

    Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иран улсад довтолсноор газрын тосны үнэ эрс өсөж, нэн чухал усан зам болох Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны хөдөлгөөн үндсэндээ зогссон юм. Өнгөрсөн онд тус хоолойгоор 20 сая тонн түүхий газрын тос тээвэрлэгдэж байсан бол өдгөө нийт урсгал нь 90 гаруй хувиар буураад буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолжээ. Түүнчлэн дайнаас шалтгаалж энэ сард дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдрийн найман сая баррелиар буурахыг онцолсон байна.

    Шатахуун, түлшний үнэ өсөж, нислэгүүд цуцлагдаж, эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь газрын тосны эрэлтэд хүчтэй нөлөөлснөөр 2026 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний өсөлт 25 орчим хувиар буурч, өдрийн 640 мянган баррель болох тооцоолол мөн гаргажээ.

    Сүүлийн байдлаар Ойрх Дорнодын нөхцөл байдал эргэн хурцдаж, пүрэв гарагт Иракийн эргийн ойролцоо явсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг цохилтод өртсөний сацуу Дубай хотод орон сууцны барилга, Кувейтийн олон улсын нисэх буудал руу дроноор довтолжээ. Улмаар газрын тосны үнэ эргэн өсөж, баррель нь 100 ам.доллар давлаа.

    Ираны талаас гал зогсоохын тулд АНУ болон Израил ирээдүйд тус улс руу халдахгүй гэсэн баталгаа хэрэгтэй гэж мэдэгдсэнийг “Bloomberg” мэдээлэв.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт өгсөн ярилцлагадаа “Иранд цохилт өгөх байршил ер нь үлдээгүй” хэмээсэн ч дайралтаа хэт эрт зогсоох нь ухаалаг бус шийдвэр гэсэн утгатай дохио өгсөн юм.

    Албан ёсны мэдээлэл, Төрийн бус байгууллагуудын тооцооллоор Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш 2500 гаруй хүн амь үрэгдээд байна.

    Cэтгэгдэл бичих