
Зургийг: Монголын Мянганы Сорилтын Сан
Хиймэл оюуны тэсрэлт дангаараа олон улсын усны хэрэглээг 2027 он гэхэд 4.2-6.6 тэрбум шоо метрээр нэмэгдүүлж магадгүйг Дэлхийн Эдийн Засгийн Форум тайландаа онцоллоо. Энэ нь Дани улсын бүтэн жилийн усны хэрэглээнээс 4-6 дахин өндөр дүн болох тул нэн даруй арга хэмжээ авах шаардлагатайг тайланд дурджээ.
Хот, суурин газрын усны хэрэглээ нийлүүлэлтээ тогтмол давдаг. Суурин газар оршин суугчдын тоо өсөхийн хэрээр 2050 он гэхэд усны хэрэглээ одоогийн түвшнээс 80 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
"Дэлхийн Банкны 2030 усны нөөцийн бүлэг"-ийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хот ус хангамжийн асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол 2030 он гэхэд эрэлт болон нийлүүлэлт тэнцэж, цаашид усны хомсдолтой нүүрлэх эрсдэлтэйг анхааруулж байсан юм.
Монголын Мянганы Сорилтын Сангаас Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац хооронд байгуулсан Усны компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2026 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх таван жилийн хугацаанд хэрэгжүүлээд байна.
Энэхүү төсөл нь ирэх 30 жилд эдийн засагт 11 орчим хувийн өсөлт авчрах урьдчилсан тооцоо гарч байжээ. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийн системд жилд 50 хүртэл сая шоо метр ус нэмэгдэх боломжтойг төслийн баг мэдээлсэн юм.
Үүнээс гадна одоогоор Дулааны III болон IV цахилгаан станц жилд дунджаар 20-22 сая шоо метр ус ашигладаг. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь үүнээс 18 сая хүртэл шоо метрийг хангаж, гүний усыг хэмнэх боломж бүрдэхийг мэргэжилтнүүд онцолж байна.