logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ираны дайн эхлэхээс өмнө АНУ-ын суурь инфляц саарсныг мэдээлэв
    Augusta Saraiva
    Daniel Flatley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 12 10:30
    186

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг одоогийн түвшинд илүү удаан хадгалах хүлээлт үүслээ

    АНУ-ын суурь инфляц хоёрдугаар сард өмнөх сараасаа буурч, 0.2 хувь болсон байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй буюу 2.5 хувь байгаа нь өсөлтийн хурд сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт боллоо.

    Өнгөрсөн сард хүнс, шатахууны үнэ өссөн ч хуучин автомашин болон автомашины даатгалын үнэ буурсан нь инфляцыг хязгаарлахад нөлөөлжээ.

    TARIF.png

    АНУ-ын инфляц өнгөрсөн оны дийлэнх хугацаанд огцом өөрчлөлтгүй байсан ч сүүлийн саруудад буурах хандлагатай болсон байна. Хэдий тийм боловч Ираны дайны улмаас түүхий газрын тос, шатахуун, бордоо зэрэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь инфляцыг тойрсон санаа зовнилыг нэмэгдүүлж буй. Завсрын сонгуулийн өмнө америкчуудын хувьд үнийн өсөлт гол анхаарах асуудал байх төлөвтэй.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны албан тушаалтнууд ирэх долоо хоногт болох хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээх хүлээлт зах зээлд бий болоод байгаа юм. Ираны дайн инфляцыг эрчимжүүлэх эрсдэл дагуулж буй тул бодлогын хүүг одоогийн түвшинд илүү удаан хадгална гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Гэсэн ч хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл нэмэгдэх зэрэг сорилтууд байгаа нь шийдвэр гаргагчдын анхаарлын төвд ороод буй. Арилжаачид АНУ-ын Төв банк энэ оны хоёрдугаар хагас хүртэл хүүг бууруулахгүй гэж таамаглаж байна.

    Үүнээс гадна АНУ-ын тарифын орлого буурч эхэлснээр хоёрдугаар сард төсвийн алдагдал мөн л илүү бага хурдаар саарчээ. Тус улсын Сангийн яамны мэдээлснээр энэ оны хоёрдугаар сар хүртэлх таван сарын хугацаанд төсвийн алдагдал нь нэг их наяд ам.доллар хүрсэн нь  өмнөх оны мөн үеэс 148 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт болсон байна. Алдагдлын хэмжээ хоёрдугаар сард 14 хувиар буурсан аж.

    US-CPI.png

    АНУ-ын Засгийн газар өнгөрсөн сард 26.6 тэрбум ам.долларын орлого гаалийн татвараас төвлөрүүлсэн байна. Дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө ч тарифын орлого удааширч, аравдугаар сард хүрсэн 31.4 тэрбум ам.долларын дээд түвшнээсээ сар бүр буурч байсан юм.

    Тарифын орлого буурч байгаатай зэрэгцэн АНУ-ын Засгийн газар импортлогч аж ахуйн нэгжүүдэд буцаан олголт өгөх шаардлагатай болжээ. Буцаан олголтын хэмжээ нь тодорхойгүй байгаа ч 170 тэрбум ам.доллар хүрэх тооцоо байгаа аж. Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент дээрх хэмжээ 130 орчим тэрбум ам.доллар байх болно гэж мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих