
Зургийг: Э.Тэнгис
Уул уурхайн салбарын огцом өсөлт болон улирлын нөлөөллийн ачаар Монгол Улсын эдийн засаг оны эхний сард 8.6 хувиар өсөж, сарын дүнгээр сүүлийн хэдэн жилд тохиогоогүй эрчийг үзүүллээ. Тайлант хугацаанд уул уурхайн салбар 33.2 хувиар, үйлчилгээний салбар 4.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тайландаа мэдээлсэн байна.
Оны эхний сард нүүрсний олборлолт 55.7 хувиар, зэсийн баяжмалын олборлолт 32.6 хувиар өссөн нь салбарын өсөлтийн гол хөдөлгүүр болж байна. Ингэснээр уул уурхайн салбар нийт өсөлтийн 5.5 нэгж хувийг дангаараа бүрдүүлж буй.
Нэгдүгээр сарын 8.6 хувийн өсөлт нь 2023 оны хоёрдугаар сараас хойших хамгийн хурдтай эдийн засгийн тэлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн оны мөн үед 2.4 хувийн өсөлттэй байсан бол энэ он гарсаар уул уурхайн салбарын идэвхжил нэлээд нэмэгдэж, өсөлтийг хурдасгасан байна.
Үүнээс гадна бүтээгдэхүүний цэвэр татвар нэгдүгээр сард 2.8 хувиар буурсан. Үүнд онцгой албан татвар, мөн импортын бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ын татвар нэлээд буурсан нь нөлөөлжээ.
Харин дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоололд улирлын нөлөөллийг арилгаж тооцсоноор авч үзвэл Монгол Улсын эдийн засаг 2026 оны нэгдүгээр сард 0.8 хувийн өсөлт үзүүлснийг тайланд тусгасан байна.
Олон улсын байгууллагууд болон Монголбанк Монгол Улсын 2026 оны эдийн засгийн өсөлт 5.5-5.7 хувьтай байна гэж төсөөлж буй. Олон Улсын Валютын Сан болон Азийн Хөгжлийн Банк төсөөллөө ойрын хугацаанд буюу ирэх дөрөвдүгээр сард шинэчлэн танилцуулахаар байна.