
Зургийг: Joe Giddens/WPA/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Английн Төв банк фунт стерлингийн дэвсгэртийнхээ загварыг шинэчилж, дэвсгэртийн ар талд залсан Ерөнхий сайд Уинстон Черчилль, зохиолч Жэйн Остин, математикч Алан Тюринг зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг хасахаар болжээ.
Шинэ үеийн дэвсгэртүүд дээр тэдний оронд Их Британид байдаг зэрлэг амьтдын зургийг дүрслэхээр болсон байна. Мөн ургамал, газар нутгийн дүрслэл зэрэг байгалийн бусад элементүүд нэмж магадгүйг онцолжээ.
Өнгөрсөн онд Английн Төв банк фунт стерлингийн дэвсгэртүүдийг шинэчлэх асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж, байгалийн сэдэвт дүрслэл оруулах хувилбарт хамгийн олон буюу 44 мянган санал авчээ. Хэдий тийм боловч олон улсад зөрчил мөргөлдөөн хурцдаж, дотоодод нь улс төрийн нөхцөл байдал баруун, зүүн жигүүр хооронд улам хуваагдаж буй энэ үед үндэсний бахархалт хүмүүсийн хөргийг солих нь эсэргүүцэл, маргаан дагуулах эрсдэл өндөр байна.