logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Шатахууны хомсдолын улмаас Азийн орнууд ажлын 4 өдөрт шилжиж, сургуулиудаа хааж байна
    Anup Roy
    Randy Thanthong-Knight
    Linh Vu Nguyen
    Danny Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 11 17:00
    843

    Зургийг: Linh Nguyen/Bloomberg

    Дэлхийд эрчим хүчний импортоор тэргүүлдэг бүс нутагт дайн дэгдэж, Персийн булангаас нийлүүлэх газрын тос, түлшний хангамж хязгаарлагдаад буй

    (Bloomberg) -- Азийн зарим улсын Засгийн газрууд шатахуун, түлшний хэрэглээгээ хязгаарлаж, иргэддээ сандарч тэвдсэн худалдан авалт хийхгүй байхыг уриалж эхэлжээ. Энэ нь тус бүс нутаг эрчим хүчний импорт болон нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой эрсдэлд маш эмзэг байгаагийн тод илрэл боллоо. Тухайлбал: Вьетнам улс газрын тосны тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийн импортын татварыг бууруулж, экспортод гаргахаар гэрээлээгүй газрын тосыг заавал дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд худалдах журам гаргажээ. Мөн тус улсын Иргэний агаарын тээврийн газраас дөрөвдүгээр сарын эхээр онгоцны түлшний хомсдол үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

    Харин Тайландын Засгийн газар Төрийн байгууллагуудад ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахаар зохицуулах заавар өгч, шаардлагагүй тохиолдолд гадаад томилолтуудыг түр зогсоохыг үүрэг болгожээ.

    Газрын тосны бараг бүх хэрэглээгээ импортоор хангадаг Филиппинд Төрийн байгууллагууд ажлын дөрвөн өдрийн системийг түр хугацаанд нэвтрүүлсний сацуу цахилгаан шатны хэрэглээг хязгаарлах, агааржуулагчийг хамгийн багадаа Цельсийн 24 хэм дээр тохируулах зэрэг зөвлөмжийг иргэддээ өгч байгаа аж.

    Дэлхийд эрчим хүчний импортоор тэргүүлдэг бүс нутагт дайн дэгдэж, Персийн булангаас нийлүүлэх газрын тос, түлшний хангамж хязгаарлагдаад буй. Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт үндсэндээ зогссон нь Азийн орнуудын Засгийн газар болон компаниуд нөөцийн хомсдолыг шийдэх, нийлүүлэлтийн өөр хувилбар хайх зэрэг асуудлуудтай нүүр тулаад байна.

    Пакистан улс мөн ажлын өдрүүдийг цөөлөх, сургуулиудыг амраах, Засгийн газрын Сайд нарын цалин хангамжийг түр зогсоох зэрэг хэмнэлтийн 10 гаруй арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф даваа гарагийн орой үндэсний телевизээрээ зарлажээ. 

    БНЭУ-ын Засгийн газар онц байдлын үеийн эрх мэдлээ ашиглаж, үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийг айл, өрхүүд рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    "Нөхцөл байдал зөвхөн үнийн асуудал байхаа больж, үндсэндээ нийлүүлэлтийн асуудал болоод байна. Энэтхэгийн яаралтай үеийн нөөц хурдацтай дундарч байна" гэж “Emkay Global Financial Services”-ийн эдийн засагч Мадхави Арора хэлж байлаа. Мөн тэрбээр "Ямар ч Засгийн газар хомсдолын үед үйлдвэрлэлээс илүү иргэдээ эн тэргүүнд тавина. Гэсэн ч үйлдвэрүүд сорилттой тулгарч буй нь эцэстээ эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх болно" хэмээжээ.

    Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израйлын цэргийн хүч Иранд цохилт өгснөөс хойш Ойрх Дорнод болон ойролцоох бүс нутгуудад хүнд нөхцөл байдал газар авсан. Иран бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгч, дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал цэг болох Ормузын хоолой хаагдсанаас үүдсэн нийлүүлэлтийн тасалдалд газрын тос, байгалийн хийн хэрэглэгч орнууд санаа зовних нь нэмэгдсээр байна.

    "Нийлүүлэлтийн саатал сунжрах тусам дэлхийн газрын тосны зах зээлд ноцтой сөрөг үр дагавар авчрах болно. Бид өмнө нь нийлүүлэлтийн сааталтай тулгарч байсан ч энэ удаагийнх бүс нутгийн газрын тос, хийн салбарт тулгарч буй хамгийн том хямрал болж байна" гэж “Saudi Aramco”-ийн Гүйцэтгэх захирал Амин Нассер мягмар гарагт болсон хурлын үеэр тодотгожээ.

    10 гаруй улс орныг татан оролцуулсан энэхүү мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний үнэ, тэр дундаа газрын тос, байгалийн хий болон дизель түлш зэрэг бүтээгдэхүүний үнэ эрс өсөхөд хүргээд байна.

    Персийн булангийн олборлогчид гарцаа бууруулахаас өөр аргагүй болсны дараа даваа гарагт түүхий эдийн үнэ баррель нь 120 ам.доллар дөхсөн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн "тун удахгүй" шийдэгдэнэ гэж мэдэгдсэний дараа эргээд огцом буурсан юм.

    Үнийн савлагааны үр дагавар Ази даяар цуурайтаж, агаарын тээврийн компаниуд тийзийн үнээ нэмэх, нислэгээ цуцлах зэрэг онц байдлын төлөвлөгөө боловсруулж байна.

    Вьетнам улс агаарын тээврийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түлшний нэмэгдэл хураамж ногдуулах, дотоодын нислэгийн үнийн дээд хязгаарыг өөрчлөх зэрэг санал боловсруулжээ. Тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч "Vietnam Airlines"-ийн ашиглалтын зардал сард 50-60 хувиар нэмэгдэж магадгүйг Иргэний агаарын тээврийн газраас нь мэдээлсэн байна.

    "Азийн агаарын тээврийн компаниуд барууны ижил төрлийн компаниудтай харьцуулахад Ойрх Дорнодын зөрчилд илүү их өртөмтгий бүтэцтэй байдаг. Энэ ялгаа нь нэлээд тод харагдаж байна. Азийн агаарын тээврийн компаниуд түлшний үнийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг харьцангуй бага авдаг нь зардал эрс өсөх, ашиг болон алдагдлын тайланд илүү хурдан нөлөөлдөг гэсэн үг" гэж агаарын тээврийн зөвлөх “BAA & Partners”-ийг үүсгэн байгуулагч Линус Бенжамин Бауэр онцоллоо.

    Газар дээрх нөхцөл байдлын хувьд Манила, Ханой зэрэг бүс нутгийн томоохон олон хотын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх болжээ. Вьетнамын Үйлдвэр, худалдааны яамнаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг шатахуун хууль бусаар нөөцлөхгүй байхыг уриалж, нийтийн тээвэр ашиглах эсвэл ойрын зайд дугуйгаар явах зэрэг түлш хэмнэх шийдлүүд хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

    Тайланд улс импортын түүхий тосны эрэлтийг бууруулахын тулд био түлшний хольцын хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний сайд Аттапол Реркпибон мэдэгдсэн байна. Эрх баригчид нь айл, өрхүүдийг эрчим хүчний зардлын өсөлтөөс хамгаалахын тулд шингэрүүлсэн хийн түлшний үнийг тавдугаар сар хүртэл царцаах шийдвэр гаргасан аж. Түлшний хомсдол үүсэх болгоомжлол нэмэгдэж буй тул яаран сандарч худалдан авалт хийхгүй байхыг тус улсын Тээврийн сайд Пипхат Ратчакитпракарн олон нийтэд уриалжээ.

    Шатахуун, түлш хайж буй иргэдийн хил дамнасан хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс үүдэн Тайландын Мьянмартай хил залгаа бүсүүд дэх шатахуун түгээх станцууд дээр хоёр хэлээр "Мьянмарын тээврийн хэрэгсэлд үйлчлэхгүй" гэсэн тэмдэг байршуулсан талаар Тайландын хэвлэлүүд мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих