
Зургийг: С.Батсайхан
Хоёрдугаар сард орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.1 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь харьцангуй саарсан байна. Энэ дундаа шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 4.76 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн бол өмнөх сараас 2.8 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ нь 5.03 сая төгрөг болсон байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ нэг метр квадрат нь зургаан сая төгрөг давсан үзүүлэлттэй хэвээр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ нэг метр квадрат нь 3.2 сая төгрөг байгаа бол бусад дүүрэгт 4.2-5.4 сая төгрөгийн ханштай байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувиар буюу 690.7 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэй дүүрэгт хоёр хувиар буюу 108 мянган төгрөгөөр буурсан байна.