
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд мэдээллээ.
Тус хэлэлцээрийг өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцүүлсэн ч багагүй шүүмжлэл дагуулж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.
УИХ-ын гишүүдийн гаргасан санал шаардлагыг ОХУ-тай зөвшилцөн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Энэхүү хэлэлцээр нь ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн урт хугацаанд тогтвортой нийлүүлэхэд чухал хөшүүрэг болохыг салбарын сайд тодотголоо.
Хэлэлцээрийн өмнөх төсөлд Монголын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшил бүхий хамтарсан компанийг Төрийн өмчийн “Эрчис ойл” компанийн дор байгуулна. Монгол Улсад 20 жилийн турш онгоцны түлш нийлүүлнэ. Хамтарсан компанийн чиг үүргийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах агуулгатай тодорхойлсон зэрэг нь шүүмжлэл дагуулсан юм.
Монгол Улс жилд дунджаар 90 мянга орчим тонн онгоцны түлшийг 80 гаруй сая ам.доллароор импортолсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байна.