
Зургийг: С.Батсайхан
Улаанбаатар хотын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс хоёрдугаар сард зургаан хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.3 нэгж хувиар, өмнөх сараас 1.5 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн сарын дүнгээр инфляцын эрч саарч, нэгдүгээр сард 0.9 хувиар эрчимжиж байсан бол хоёрдугаар сарын байдлаар 0.4 хувь болж, буурсан байна.
Инфляц саарахад хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнийн өсөлт удааширсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал: үйлчилгээний үнийн өсөлт нэг оронтой тоо руу дөхөж 7.4 хувьтай байна. Түүнчлэн хүнсний бус бүлгийн үнийн өсөлт 3.5 хувь болж, хурдацтай саарчээ.
Харин хүнсний бүлгийн үнийн өсөлт нийслэл хотод улсын дунджаас өндөр түвшинд хэвээр хадгалагдаж байна. Оны эхэнд хүнсний бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд түвшин буюу 13 хувьд хүрсэн бол Сар шинийн баярын амралт тохиосон хоёрдугаар сард дээрх үзүүлэлт 12.8 хувьтай гарчээ.
Үүнээс гадна боловсрол болон зочид буудлын үйлчилгээний үнийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж буй бол хоёрдугаар сард тээврийн үйлчилгээний үнэ 6.2 хувиар буурсныг онцолж болохоор байна.