
Зургийг: С.Батсайхан
2026 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж буйг Монголбанк мэдээллээ. Засгийн газар 2026 онд Хуримтлалын сангийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд Хуримтлалын сан, Монголбанк, арилжааны банкнуудын эх үүсвэрээр 2026 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгохоор төлөвлөсөн юм.
2025 онд дээрх эх үүсвэрүүдээр нийт 1.1 их наяд төгрөгийн зээлийг 9000 гаруй өрхөд олгосон байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2013 оноос 2026 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд нийт 140 мянга орчим зээлдэгчид зээл олгожээ.
Монголбанкны тайлангаас харвал ипотекийн зээлийн нийт үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 11.5 их наяд төгрөг болсны 4.6 их наяд төгрөг нь Төв банкны өөрийн эх үүсвэрээс олгосон бол 1.4 их наяд төгрөг нь зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийн хүрээнд олгогдсон байна.
Сүүлийн гурван жилд нийт таван их наяд орчим төгрөгийн зээлийг ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Тухайлбал: 2023 оны нэгдүгээр сард зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөг байжээ.
Үүнээс гадна “Сэлбэ дэд төв”-д Нийслэлийн ипотекийн сан байгуулж, зээл олгохоор болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлж байв. Ингэхдээ эмч, багш нарт 10 хувийн урьдчилгаатай, бусад иргэдэд 20 хувийн урьдчилгаатай, найман хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээл олгохоор судалж байгаа аж.