
Зургийг: Bloomberg TV Mongolia
Персийн булангийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас тасарснаар импортлогч орнууд дотоодын хэрэгцээгээ найдвартай болгохоор яаравчилж байна. Гэтэл шатахуун, түлшээ 100 хувь импортоор хангадаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын газрын тосны олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгааг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар тодотгож байна.
2025 онд 500 орчим мянган тонн газрын тос олборлосон нь орд ашиглах төлөвлөгөөнөөс гурав дахин бага үзүүлэлт болж буй. Орд ашиглах төлөвлөгөөгөөр жилд 1.5 сая тонныг олборлох шаардлагатай аж.
Улсын хэмжээнд газрын тос олборлох чиглэлд гурван компанитай бүтээгдэхүүн хуваах дөрвөн гэрээ байгуулсан бол хайгуулын чиглэлд 18 гэрээ хэрэгжиж буйг Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын мэдээлэл харуулж байна.
Харамсалтай нь хамгийн том олборлогч “Петрочайна Дачин Тамсаг” компанитай татварын маргаан үүссэний сацуу эрчим хүчний дутагдал, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцлээс шалтгаалж хөрөнгө оруулагч компаниудын санхүүжилт, олборлолт буурчээ.
Мөн одоогоор идэвхтэй олборлолт, хайгуул явуулж буй “Petro Matad” компани “Матад-XX”, “Борзон-VII” талбайнуудад бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр ажиллаж, удаан саатсан “Heron-1” цооногоосоо 2025 онд өдөрт дунджаар 161 баррель газрын тос олборлосноо сүүлд мэдээлж байв.
Монгол Улс 2028 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилттой. Монгол Улс, БНЭУ-ын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 гаруй хувийн явцтай байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой болно гэж тооцоологдсон.
Гэтэл үйлдвэр ажиллаж эхлэх үед бүрэн хүчин чадлыг нь хангах хэмжээний 1.5 сая тонн газрын тос олборлож чадах эсэх нь одоогийн эрчээр эргэлзээтэй байна. Тиймээс энэ хугацаанд Монгол Улс газрын тосны салбарынхаа хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ ордууд нээж ашиглалтад шилжүүлэх зайлшгүй шаардлага үүсжээ.