
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тосны хориг арга хэмжээнүүдээ цуцалж, Ормузын хоолойгоор тээвэрлэлт хийх, дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудыг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн хамгаална гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр “Хэрэв Иран улс газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулбал АНУ дараагийн түвшний хүчтэй довтолгоо хийнэ” гэж мэдэгдэлдээ хатуу анхааруулсан байна. Мөн Ираны зөрчилдөөн энэ долоо хоногт дуусна гэж үзэхгүй байгаа ч тун удахгүй шийдвэрлэгдэнэ гэдгийг онцолжээ.
Сүүлийн байдлаар АНУ Ираны пуужин үйлдвэрлэх байгууламжуудыг онилон цохилт өгснөөр зэвсгийн хүчин чадлыг нь бууруулсан гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ мөн дурдсан байна.
Одоогоор Ормузын хоолой бүрэн хаагдсан хэвээр байгаа бөгөөд АНУ-ын зүгээс газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг хэрхэн хамгаалах нь тодорхойгүй байгаа аж. Дональд Трампын хувьд АНУ-ын завсрын сонгуультай холбоотойгоор дотооддоо давхар сорилттой тулгарч байгаа юм. Тиймээс байгалийн хий, газрын тос зэрэг эрчим хүчний үнийн өсөлтийг намжаахыг эрмэлзэж байна. Ираны цөмийн асуудал эцэслэгдвэл, газрын тосны үнэ эргэн буурах болно гэж Дональд Трамп мэдэгдэж байсан юм.
Үүнээс гадна даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, Украины дайн болон Иранд үүсээд буй зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжуудын талаар ярилцсаныг “TASS” агентлаг мэдээлжээ. Энэ нь Ираны зөрчилдөөн эхэлснээс хойш Владимир Путин, Дональд Трамп нарын ярилцсан анхны тохиолдол болж байна.
Харин Израилын армийн хувьд Техраны эсрэг довтолгоогоо үргэлжлүүлж буйгаа мэдэгдлээ. Сүүлийн байдлаар зөрчилдөөн эхэлснээс хойш Иранд 1300 гаруй хүн амиа алдаад байгаа аж.
Үүнээс гадна Ираны Хувьсгалт гвардын корпус шинэ Дээд удирдагчид үнэнчээр зүтгэхээ тангараглаад байна. Энэхүү гвард нь Ираны цэргийн болон эдийн засгийн талбарт хамгийн хүчирхэг байгууллагад тооцогддог аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
“Тэд долоо хоногийн дотор бидэн рүү довтлох гэж байсан. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Тэд бэлэн байсан. Тэд хэний ч таамагласнаас илүү их пуужингийн нөөцтэй. АНУ руу дайрах байсан. Бас Ойрх Дорнод болон Израил руу. Цөмийн зэвсэгтэй бол Израилын эсрэг хэрэглэх байсан. Өргөн хүрээний довтлогоо болох байлаа. Иранд маш олон пуужингийн агуулах, хөөргөх байгууламж бий. Одоогоор 80 гаруй хувийг нь устгаад байна. Маш цөөхөн үлдсэн. Одоо хэдхэн пуужин хөөргөх байгууламж л байгаа. Манай арми маш сайн ажилласан. Одоо 20 эсвэл 22-23 хувь нь л байгаа. Үлдсэнийг нь устгах амархан шүү дээ. Пуужингуудыг нь устгасан, бас дронуудыг ч гэсэн. Дрон үйлдвэрлэдэг байгууламжуудыг нь хүртэл устгаж байгаа. Байршлуудыг нь ч мэднэ. Дроны үйлдвэрүүдийг нь бөмбөгдөж байгаа. Маш их ажил бүтээсэн. Энэ бүхэн дуусах үед дэлхий ертөнц илүү аюулгүй болно. Удахгүй энэ бүхэн дуусна” гэж мэдэгдлээ.