
Зургийг: С.Батсайхан
“Монгол даатгал” ХК хоёр жил алдагдалтай ажилласны эцэст 2025 он ашигтай ажилласан тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 352.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Даатгалын үйл ажиллагааны ашиг нь долоон хувиар нэмэгдэж, 8.3 тэрбум төгрөг хүрчээ. Нээлттэй даатгалын компаниудаас зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр “Монгол даатгал”-ын хувьцаа он гарсаар хоёр өдөр л арилжаалагдсан байна.
Үүнээс гадна “Тэнгэр даатгал” ХК 2025 оны санхүүгийн тайлангаа Монголын Хөрөнгийн биржид нийтлээд буй. Цэвэр ашиг нь 51.3 хувийн өсөлт үзүүлж, 10 тэрбум төгрөг давжээ. Тус компанийн даатгалын болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа өндөр өсөлтөө үргэлжлүүлсээр байна.
Тайлант хугацаанд “Тэнгэр даатгал” ХК-ийн хөрөнгө оруулалтын дүн 61.1 тэрбум төгрөг хүрч, үүнээс 8.1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
Өнгөрсөн онд салбарын хэмжээнд ашигт ажиллагаа өндөр өсөлттэй байв. “Бодь даатгал” ХК-ийн хувьд 5.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тайлангаа танилцуулсан нь 2.3 дахин өссөн үзүүлэлт болж байна. 2025 онд инфляц өндөр түвшинд хадгалагдсаны нөлөөллөөр дундаж нөхөн төлбөрийн хэмжээ тогтмол өсөж буйг “Бодь даатгал” үйл ажиллагааны тайландаа онцолжээ. Иймд тус компанийн зүгээс хохирол өндөртэй гэрээний сунгалт болон зардлыг дахин боловсруулахаар ажиллаж байгаагаа дурдсан юм.