
Зургийг: Bloomberg
(BLoomberg) -- Эрчим хүчний зах зээл тогтворгүй байгаа энэ үед газрын тосны үнэ баррель нь 120 ам.долларт ойртлоо. Персийн булангаас олборлож буй газрын тосны 90 гаруй хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлт бараг бүрэн зогссоноор Ойрх Дорнодын газрын тос олборлогч улс орнууд гарцаа танахаас өөр аргагүйд хүрсэн нь үүнд голлон нөлөөлж байна.
Зөвхөн даваа гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны ханш 29 хүртэлх хувиар чангарч, баррель нь 119 ам.доллар хүрсэн бол WTI төрлийн газрын тосны үнэ 31 хувиар эрчимжсэн нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Одоогоор OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн тав дахь томоохон олборлогч болох Кувейт болон АНЭУ гарцаа бууруулж эхэлсэн талаар мэдэгджээ. Үүнээс гадна Ирак улс өнгөрсөн долоо хоногоос олборлолтоо зогсоосон юм.
Түүхий эд хадгалах савнууд дүүрч, Ормузын хоолойн тээвэрлэлт зогсонги хэвээр байвал ирэх долоо хоногийн эцэс гэхэд Ойрх Дорнодын улс орнуудын олборлолт өдрийн дүнгээр дөрвөн сая баррелиар тасалдах эрсдэлтэйг “JPMorgan Chase”-ийн шинжээчид анхаарууллаа.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт
“Бидэнд хангалттай газрын тос бий. Одоогийн байдлаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт хангалттай түвшинд байна. АНУ бол түүхий газрын тос экспортлогч орон. Байгалийн хийн экспортлогч. Газрын тосны зах зээл олон улсын хэмжээнд холбоо хамааралтай тул байгалийн хий бус газрын тосны үнийн өсөлт бидэнд сорилт болж байгаа юм. Бид газрын тосны асуудлаар түнш орнуудтайгаа хэлэлцэж эхэлсэн. Зах зээлд үнийн хөөрөгдөлтэй холбоотой санаа зовнил ажиглагдаж байна. Хэдий тийм боловч одоогоор дэлхий нийт газрын тос болоод байгалийн хийн дутагдалд ороогүй байна” гэж мэдэгдлээ.
ОУЭХА-ийн Гүйцэтгэх захирал Файт Бирол
“Газрын тосны хомсдол үүсээгүй байна. Үнийн өсөлтийг өдөөгч өөр нэгэн хүчин зүйл болох эрэлтийг харвал өдөрт 800 мянган баррель хүрээд байна. Зах зээлд томоохон нийлүүлэлтийн илүүдэл бий. Тэгэхээр дахин онцлоход дэлхий дахинд газрын тосны хомсдол үүсээгүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Гол асуудал нь нийлүүлэлтийн суваг эмх замбараагүй болоод байна. Үүнээс л болж үнийн хөөрөгдөл бий болж байна” гэж тодотгов.
Үүнээс гадна газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар дөхөж байгаатай холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён “Эрчим хүчний үнийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор түлшний үнийн дээд хязгаарыг яаралтай тогтоох”-ыг холбогдох албаныханд уриалсан байна. Тус улс эрчим хүчний хэрэгцээнийхээ бараг бүх нөөцийг импортоор авдаг бөгөөд нийт тээврийн 70 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамждаг аж.
АНУ Иранд цохилт өгч эхэлсэн үеэс хойш БНСУ-ын шатахуун түгээх станцууд дахь бензиний жижиглэнгийн дундаж үнэ 12 хувиар өсөөд байна.
Эхний ээлжид тус улс стратегийн нөөцөөсөө газрын тос гаргаж нийлүүлэхээр төлөвлөж буйг Аж үйлдвэрийн сайд нь мэдээлжээ. 2025 оны 12 дугаар сарын статистик үзүүлэлтээр БНСУ-ын стратегийн нөөц нь 100 сая баррель буюу 210 гаруй хоногийн хэрэглээг хангах хэмжээнд байсан аж.
Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер “Эрчим хүчний үнийн хөөрөгдөлд нэрвэгдсэн өрхүүдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжтой”-г мэдэгдлээ.
Харин Вьетнам улс түлшний импортын татварыг “тэг”-лэж, Төрийн өмчит “Petro Vietnam” компанид түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах нөхцөлийг хөнгөвчлөхөөр болжээ.
Тайванийн хувьд эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөөлрүүлэхийн тулд шатахууны үнийн долоо хоног тутмын өсөлтөд дээд хязгаар тогтоосон талаар “Commercial Times” мэдээлж байна.