
Зургийг: Rouzbeh Fouladi/Bloomberg
(Bloomberg) -- АНУ, Израилын цохилтод амь үрэгдсэн Иран улсын Дээд удирдагч Али Хаменеин орыг түүний хүү Шейх Можтаба Хаменеи залгамжилж, Исламын Бүгд Найрамдах Иран улсын гурав дахь Дээд удирдагчаар сонгогдлоо.
Ираны шашны зүтгэлтнүүдээс бүрдсэн Экспертүүдийн Чуулганы санал хураалтын илэрхий үр дүнгээр дараагийн Дээд удирдагч сонгогдсоныг “Fars” агентлаг гуравдугаар сарын наймны өдөр мэдээлсэн байна. Мөн Ираны Хувьсгалт Гвардын Корпус шинэ Дээд удирдагчид үнэнчээр зүтгэхээ тангараглажээ.
Ингэснээр өдгөө 56 настай Можтаба Хаменеи нь 1979 оны Ираны хувьсгал Пахлавигийн удмын Хаант засаглалыг түлхэн унагаснаас хойш удам залгах зарчмаар сонгогдсон тус улсын анхны удирдагч болж байна.
Можтаба Хаменеи 1969 онд Ираны зүүн хойд хэсгийн Машхад хотод Али Хаменеин гэр бүлийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. 1980-1988 оны хооронд үргэлжилсэн Иран, Иракийн дайны үеэр тэрбээр түр хугацаанд цэргийн алба хаасныг “Britannica “нэвтэрхий толь дээрх мэдээлэл харуулж байна. Үүний дараа Можтаба Хаменеи шашны зам мөр хөөж, Ираны шашны төв Кум хотод Исламын номлолд суралцжээ.
Ираны Экспертүүдийн Чуулган шинэ удирдагчийг зарласныхаа дараа Ираны ард түмэн, тэр дундаа их сургуулийн эрдэмтэд сэхээтнүүдэд хандан Дээд удирдагчийг үнэнчээр дагаж, улсын эв нэгдлийг хангахыг уриалсан байна.