
Зургийг: Xinhua News Agency/Bloomberg (2017/05/14)
(Bloomberg) -- Төв Азийн хамгийн том эдийн засагтай улс болох Казахстан ирэх сарын эхээр юаниар нэрлэгдсэн “Panda” бонд гаргаж, 500 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт татахаар төлөвлөж байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 10 гаруй жилийн өмнө Казахстанд өргөн хүрээтэй "Бүс ба Зам" дэд бүтцийн санаачилгыг эхлүүлсэн. ОХУ 2022 онд Украинд халдсаны дараа ОХУ-ыг чиглэх хориг арга хэмжээ нэмэгдэж эхэлснээр БНХАУ Төв Азийн улсуудтай харилцаагаа гүнзгийрүүлж эхэлсэн бөгөөд АНУ-ын худалдааны бодлого БНХАУ-ыг шинэ зах зээл хайж эхлэхэд нөлөөлсөн юм.
Евразийн Хөгжлийн банкны 2025 оны 12 дугаар сард гаргасан тайланд дурдсанаар “Ашигт малтмал, эрчим хүчний нөөцөөр баялаг Төв Азийн бүс нутагт БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилд бараг 36 тэрбум ам.доллар хүрч өссөн” байна. Тэрхүү хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 11.4 тэрбум ам.доллар нь Казахстан улсад чиглэж байна.
Ираны дайн Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулах эрсдэл дагуулж буй энэ үед БНХАУ зэрэг томоохон худалдан авагчид бусад экспортлогчдод анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Хэдийгээр жижиг тоглогч ч Казахстан тэдний нэгд тооцогдож байна.
Казахстан улс юаниар бонд гаргах нь юанийг олон улсын валют болгох Ши Жиньпиний зорилттой нийцэж буй. Мөн АНУ-тай үүссэн худалдааны маргаанд давуу тал болгон ашиглаж буй уран, газрын ховор элемент зэрэг стратегийн нөөцөө хянахад дэмжлэг болно гэж үзэж байна. Харин Казахстаны хувьд юанийн санхүүжилт татах нь урт хугацаат санхүүжилтийн өөр, хямд эх үүсвэр санал олгож байгаа аж.