
Зургийг: Dimas Ardian/Bloomberg
(Bloomberg) -- Хөгжиж буй орнуудын хувьцаа, валют 2020 оны цар тахлын оргил үеэс хойших хамгийн уналттай долоо хоногоо үдлээ.
MSCI-ийн хөгжиж буй орнуудын валютын индекс өнгөрсөн долоо хоногт 1.4 орчим хувиар буурсан бол хөгжиж буй орнуудын хувьцааны индекс нь зургаан хувь давж доошилжээ. Ингэснээр хаалтын ханшаар тооцвол аль аль нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй долоо хоногийг өндөрлүүлэв.
Газрын тосны үнийн өсөлт, ялангуяа брент төрлийн түүхий газрын тос өнгөрсөн долоо хоногт 2024 оны долоодугаар сараас хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь хөгжиж буй орнуудын валютын ханшийн төлөвийг доош татаж байгаа юм. Мөн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдсэнээр хөгжиж буй орнуудын валют ам.долларын эсрэг дийлэнхдээ суларлаа.
Азийн орнуудаас Энэтхэгийн рупи шинэ доод түвшинд хүрч унасан бол БНСУ-ын вон дэлхийн санхүүгийн хямралын үеийн түвшинд, Индонезын рупиа зургаан долоо хоногийн доод түвшинд хүрч тус тус суларчээ.
Ойрх Дорнодын дайн ийнхүү эрчим хүчний бүтээгдэхүүнийг өсгөж, газрын тос импортлогч орнуудын гол эрсдэл биеллээ олж буй энэ үед Азийн орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахад нийт найман их наяд ам.доллароор хэмжигдэж буй валютын нөөцийнхөө хэргийг гаргахаар байна.
Азийн томоохон Төв банкнуудын гадаад валютын нөөц 2024 оны эцсээс хойш 600 тэрбум орчим ам.доллароор өссөнийг “Bloomberg” тооцоолжээ. Өнгөрсөн оноос хойш Төв банкнууд валют ихээр хуримтлуулж эхэлсэнтэй зэрэгцэн алтны үнэ цойлж, ам.долларын ханш суларсан нь нөөцийн үнэлгээ улам зузаарахад нь дэм болжээ.
Одоо бодлого тодорхойлогчид Ираны дайнаас айсуй цохилтыг зөөлрүүлэхээр сан хөмрөгөө хэдийн “уудалж” эхэлсэн байна. Тухайлбал: Индонез, Энэтхэг, Тайвань валютын зах зээлдээ интервенц хийгээд байгаа бол БНХАУ өдөр тутмын баримтлах ханшаар дамжуулан юанийн ханшийг дэмжих дохио өгчээ.
Өнгөрсөн оны эцэст 1.1 тэрбум ам.доллароор эрс өсөж, түүхэнд анх удаа долоон тэрбум ам.долларын босго даваад байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны хоёрдугаар сарын эцэст 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Оны эхний хоёр сарын байдлаар хэдий ялимгүй бууралттай ч гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 гаруй хувиар өндөр байна. 2026 онд гадаад валютын нөөцийн хэмжээ улирлын онцлогоос хамааран хэлбэлзэх ч эдийн засгийн суурь нөхцөл эерэг байх хүлээлттэйгээ Монголбанк өнгөрсөн сард мэдэгдсэн юм.