
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 25 мянга гаруй орон сууцны барилга шинээр баригдсан нь түүхэн дээд үзүүлэлт болохоор байгааг ХББОСЯ мэдээллээ. Харин барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 онд 11.7 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Энэ нь 2024 оноос 28 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд мөн л түүхэн дээд түвшинд тооцогдож байна. Үүний 37.8 хувийг орон сууцны барилга эзэлж байгаа аж. Ялангуяа барилгын салбарын өсөлтөд шинэ орон сууцны барилгын нийлүүлэлт хамгийн өндөр хэмжээнд нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо онцоллоо.
Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбараас гадна барилгын салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Тухайлбал: нийт өсөлтийн 0.5 хувийг барилгын салбар дангаараа бүрдүүлсэн байна. Түүнчлэн орон сууцны барилгын нөлөө өндөр байсныг Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан тодотгосон юм.
2025 оны IV улирлын байдлаар 61.2 мянган шинэ орон сууцны нийлүүлэлт хийгдсэнийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааны “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Үүний 70.4 хувь нь стандарт зэрэглэлийн орон сууц байгаа аж. Нэг м.кв-ийн дундаж үнэ нь 3.8 сая төгрөг орчим байна.
Харин дундаж зэрэглэлийн 11 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд нэг м.кв-ийн дундаж үнэ таван сая төгрөг байгаа ажээ. Үүнтэй харьцуулахад бизнес болон өндөр зэрэглэлийн орон сууцны үнэ 6.7-8.3 сая орчимд төгрөгт хэлбэлзэж байна.