
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
(Bloomberg) -- “ОХУ байгалийн хийн экспортынхоо дийлэнхийг Европын зах зээлд бус илүү ирээдүйтэй өөр зах зээлд нийлүүлэх асуудлыг авч үзнэ” гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин онцоллоо.
Европын Холбоо 2027 оны эцэс гэхэд ОХУ-ын дамжуулах хоолойн болон шингэрүүлсэн байгалийн хийн импортыг үе шаттайгаар бүрмөсөн хориглохоор төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын удирдагч Засгийн газартаа хийн нийлүүлэлтийн чиглэлийг Европын Холбооноос өөр тийш чиглүүлэх асуудлыг үнэлж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг даалгасан байна.
“Яг одоо бусад зах зээл нээлттэй болж ирж байна. Бид магадгүй Европын зах зээлд нийлүүлэлтээ зогсоож, шинээр нээгдэж буй тэдгээр зах зээлд гарч, байр сууриа бэхжүүлэх нь дээр биш гэж үү ” хэмээн Владимир Путин ОХУ-ын Төв телевизэд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлсэн байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн даамжирснаас үүдэн Европ дахь байгалийн хийн үнэ энэ долоо хоногт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрлээ.
2025 оны байдлаар ОХУ-ын байгалийн хий Европын Холбооны нийт импортын 13 орчим хувийг эзэлж буй нь ойролцоогоор жилийн 15 тэрбум гаруй евротой дүйцэж байна.