
Зургийг: Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Геополитикийн хямралын үүл даян дэлхийг нөмрөөд буй энэ үед БНХАУ-ын удирдлагууд энэ долоо хоногт чуулж, улсынхаа 2030 он хүртэлх өсөлтийн зураглалыг эцэслэхийн зэрэгцээ олон улсын зөрчил үймээнээс эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг танилцуулах гэж байна.
Энэ пүрэв гарагт Бээжин хотод эхлэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар тус улсын Ерөнхий сайд Ли Цян 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо танилцуулна. Мөн долоо хоног орчим үргэлжлэх арга хэмжээний төгсгөлд БНХАУ-ын Засгийн газар ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөгөө бүрэн эхээр нь албан ёсоор гаргах юм.
Дэлхийд шил шилээ даран дэгдэж буй зөрчил мөргөлдөөний үед үндэстний хэмжээний шийдвэр гаргах нь ер бусын өндөр эрсдэл дагуулдаг болж буй. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тарифын асуудлаар уулзалдахаас хэдхэн долоо хоногийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа энэ удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал онцлог. Түүнчлэн Ши Жиньпин батлан хамгаалахын салбартаа сүүлийн хагас зуунд байгаагүй том цэвэрлэгээ хийсэн тул энэ оны чуулганд оролцох мянга мянган төлөөлөгчдийн дунд ямар албан тушаалтан харагдахгүй байгааг шинжээчид анхааралтай ажиглах нь дамжиггүй.
2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтын хувьд Бээжин 2023 оноос хойш анх удаагаа зорилтоо доошлуулж магадгүй гэж олон шинжээчид таамаглаж байна. “Goldman Sachs”, “Citic Securities” зэрэг банкнууд, фирмүүдийн төсөөллөөр БНХАУ-ын эрх баригчид 2025 онд таван хувийн зорилт тавьж байснаа энэ онд багасгаж, өсөлтийг 4.5-5 хувийн түвшинд барихаар зорих төлөвтэй. “Эдийн засгийн идэвх ерөнхийдөө удааширч байна. Геополитикийн үйл явдал, тарифын тодорхойгүй байдал гээд өсөлтийг доош татах эрсдэлүүд нэмэгдсэн. Эдгээр нь эрх баригчдаас бодлогын тодорхой арга хэмжээг өдөөж, дотоодын нийт бүтээгдэхүүний зорилтыг доогуур тогтооход хүргэх магадлалтай” хэмээн “Australia & New Zealand Group”-ийн Ахлах эдийн засагч Рэймонд Юнг онцоллоо.
БНХАУ-ын эрх баригчид XV таван жилийн төлөвлөгөөндөө дотоодын нийт бүтээгдэхүүнд хэрэглээний салбарын эзлэх хувийг тогтоож зорилт тавих хүлээлттэй байна. Энэ нь тус улс экспортоос хамааралтай эдийн засгаа тэнцвэржүүлэхэд бүрэн төвлөрөхийн тод дохио болох юм. Мөн технологийн салбарын хөгжил дэвшилд төвлөрч ирээдүйн өсөлт, ажлын байрыг бий болгох, ялангуяа хиймэл оюун болон бусад шинэ төрлийн үйлдвэрлэлийн амбицтай төлөвлөгөө нь онцгой анхаарал татахаар байна.
Ерөнхийдөө БНХАУ дотооддоо хэрэглээний зарцуулалтыг сэргээх арга замууд туршиж, хөрөнгө оруулалтад тавих шалгуураа өндөрсгөх тул эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө удаашрахыг хүлцэнэ гэж шинжээчид үзэж байна.