
Зургийг: Majid Saeedi/Bloomberg
(Bloomberg) -- АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш 1700 гаруй байршилд цохилт өгөөд байна. Мөн мягмар гарагт Ираны нийслэл Техран дахь дараагийн Дээд удирдагчийг сонгох санал хураалт явуулж байх үед Израилын арми Дээд ассамблейн байрт халджээ.
Иран болон Израилын тал аль аль нь Дээд ассамблейн байр цохилтод өртсөн талаар мэдээлсэн байна. Тус ассамблей нь Ираны дараагийн Дээд удирдагчийг сонгох асуудлаар хуралдаж байсныг Израилын “Kan” агентлаг онцолжээ. Харин Ираны талаас тухайн үед ямар ч хурал зохион байгуулагдаагүй байсан хэмээн дээрх мэдээллийг няцаагаад байна.
Исламын шашны шийт урсгалын 88 гишүүнээс бүхий энэхүү ассамблей нь Ираны Дээд удирдагч асан Аятолла Али Хаменеин залгамжлагчийг сонгох үүрэгтэй.
Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн бааз болон бусад байгууламжийг онилон хариу цохилт өгсөөр байна. Арабын Нэгдсэн Эмират улс болон Бахрейн дахь “Amazon” компанийн үүлэн тооцооллын нэгжийн дата төв довтолгоонд өртөж, ихээхэн хохирол амссаныг мягмар гарагт мэдээлжээ.
Үүнээс гадна Испани улс Дональд Трампт Ойрх Дорнод дахь цэргийн баазуудаа Иран руу дайрахад ашиглуулахаас татгалзсан байна. Үүний хариуд Дональд Трамп Испанитай хийж буй бүх худалдааг зогсооно гэж мэдэгджээ. Энэ нь олон улсын худалдааны хэлэлцээрийг зөрчиж буй үйлдэл гэж Испанийн тал үзэж байна.