
Зургийг: Morteza Nikoubazl/Bloomberg
(Bloomberg) -- Европын эдийн засаг шинэ хямралтай тулгарах уу, эсвэл сэргэлтийн хурд нь буурах уу гэдгийг ирэх долоо хоногууд тодорхойлохоор байна. Учир нь АНУ Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа удаан хугацаагаар үргэлжлэх тусам Евро бүсийн эдийн засгийн сэргэлтийг тасалдуулж, инфляцыг эргэн сэргээх эрсдэлтэйг шинжээчид анхааруулж байна. ОХУ, Украины дайнаас үүдэн эрчим хүчний үнийн өсөлт Европт аль хэдийн сорилт болоод байгаа юм.
Ойрх Дорнодоос газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний гол бүтээгдэхүүнээ авдаг Евро бүс Ираны дайнаас хамгийн том хохирол амсана гэж “ING”-ийн шинжээчид мэдээллээ.
"Хэрэв мөргөлдөөн богино хугацаанд үргэлжилж, эрчим хүчний үнэ богино хугацаанд өсвөл хохирлыг хязгаарлах боломжтой. Гэхдээ мөргөлдөөн удаан үргэлжилбэл газрын тос, байгалийн хийн үнэ өсөж, улс орны Засгийн газрууд хэрэглэгчдийг зардлын өсөлтөөс хамгаалахын тулд төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхэд хүрч болзошгүй” гэж “Bloomberg Economics” мөн мэдээлсэн байна.
Энэ онд Европын эдийн засгийн нөхцөл сайн байгаа бөгөөд бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтворжихтой зэрэгцэн Герман зэрэг улс орнууд төсвийн зардлаа нэмэгдүүлсэн. Инфляц Европын Төв банкны зорилтот хоёр хувьд ойртсон зэрэг нь эдийн засагт нь дэмжлэг болохоор байгаа юм. Хэдий тийм боловч Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлэхээс өмнө АНУ-ын Дээд шүүх Дональд Трампын тарифыг хүчингүй болгосон зэрэг нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.
Үүнээс гадна “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид Ираны дайн дэлхий даяар инфляц эрчимжихэд нөлөөлөх төлөвтэй гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын тал хувь нь Евро бүсэд инфляц бусад бүс нутагтай харьцуулахад илүү хурдтай өснө гэж үзжээ.
АНУ-д мөн инфляц эрчимжих хүлээлт үүссэн. Харин БНХАУ-д инфляц өснө гэж шинжээчдийн 40 гаруй хувь нь тооцоолж буй бөгөөд БНХАУ-ын инфляцын төсөөллийг 0.3-0.9 хувиар нэмэгдүүлсэн байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ өсөх төлөвтэй байгаа нь инфляцыг өдөөх гол хүчин зүйл болох юм. Дэлхийн далайн тээврийн тавны нэг орчим нь Ормузын хоолойгоор дамждаг бөгөөд тус хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр бараг зогсоод байна. Мөн нислэгийн тийзийн үнэ, түгээлтийн зардал нэмэгдээд байгаа аж.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь дайн АНУ, Евро бүс эсвэл БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнд бага нөлөө үзүүлнэ гэж таамаглаж буй ч мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхээс бүх зүйл хамаарахыг тодотгожээ.