
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Засгийн газар өрийн менежмент хийх зорилгоор зургаан жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд гаргалаа. Даваа гарагт бондын үнийг тогтоож, 6.3 хувийн өгөөжтэй гаргахаар анх төлөвлөсөн ч эрэлт нь өндөр байсан тул 5.95 хувь буюу нэрлэсэн үнэ дээр тогтож, гарсан байна.
Өнгөрсөн оноос хойш хөгжингүй орнуудын төсвийн бодлогоос болгоомжилсон хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондууд руу шилжиж буй. 2026 онд ч мөн адил энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Ингэснээр АНУ болон хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү түүхэн доод түвшинд хүрсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргаж буй бондод ирсэн захиалга 2.6 дахин давж, 1.3 тэрбум ам.доллар хүрчээ.
Үүний томоохон хэсгийг Ази дахь Төв банк болон хөрөнгө оруулалтын сангууд бүрдүүлснийг захиалгын мэдээлэл харуулж байна.
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудыг хэсэгчлэн эргүүлэн худалдан авахаар төлөвлөжээ. Түүнчлэн сарын дараа хугацаа нь дуусах бондын 174 сая ам.долларын эргэн төлөлтийг хийхээр байна. Ийнхүү хэсэгчлэн дахин санхүүжүүлснээр эргэн төлөлтийн хувиар илүү эрсдэл даах чадвартай болж байгааг “Очун ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил онцолж байсан юм.
Тендер саналтай бондуудын ханш өнгөрсөн долоо хоногт өссөн ч Ойрх Дорнодын зөрчилдөөний улмаас өсөлтөө бүрэн алдаж, эргээд өмнөх түвшиндээ хүрсэн байна. Одоогийн байдлаар гараад удаагүй шинэ бондын ханш өсөлттэй арилжаалагдаж байна.