logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Дональд Трамп: Шаардлагатай бол Иранд ямар ч үнээр хамаагүй арга хэмжээ авна
    Jeff Mason
    Roxana Tiron
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 03 14:10
    198

    Зургийг: Getty Images/Bloomberg

    Марко Рубио: АНУ-ын армийн хамгийн хүчтэй цохилтууд хараахан эхлээгүй байна

    (Bloomberg) -- АНУ-ын зүгээс Ирантай хийх дайны үргэлжлэх хугацааны талаар зөрүүтэй мэдээлэл өгч буй энэ үед Израилын арми Иранд дахин нэг удаа агаарын цохилт өглөө.

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет даваа гарагт Ирантай “удаан хугацааны” дайн хийх санааг үгүйсгэсэн юм. Харин Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд тодорхой хугацаа тогтоогоогүй. Шаардлагатай бол Иранд ямар ч үнээр хамаагүй арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна. Тэрбээр цэргийн ажиллагааг анхнаасаа 4-5 долоо хоног гэж тооцоолсон ч илүү урт хугацаанд үргэлжлүүлэх нөөц, боломж байгааг онцолжээ.

    Үүний зэрэгцээ "АНУ-ын армийн хамгийн хүчтэй цохилтууд хараахан эхлээгүй байгаа"-г тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлсэн юм.

    MIDDLE-EAST-CONFLICT-GFX-1.png

    Сүүлийн байдлаар АНУ-ын зургаан албан хаагч амь үрэгдсэнийг тус улсын төв командлагч мэдээлээд байна. Нөгөө талд Иранд цэргийн болон иргэний объектууд цохилтод өртөж, Хормозганд сургуулийг оносноор 140 гаруй хүн амь үрэгдсэн талаар тус улсын Төрийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин “Улаан загалмай” нийгэмлэгийн мэдээлснээр Иран даяар нийт 550 гаруй хүн амиа алдаад байгаа аж.

    АНУ болон Израилын агаарын цохилтуудад Ираны хэд хэдэн эмнэлэг, сургууль өртсөний дараа Техраны эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгүүдийг арга хэмжээ авч, эв санааны нэгдэл үзүүлэхийг уриаллаа. Хэдий тийм боловч Иран бүс нутаг даяар пуужин, дроны довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. 

    АНУ-д үйлдвэрлэсэн, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужингууд Ираны “Shahed” зэрэг бусад баллистик пуужингуудыг саатуулахад ихээхэн амжилттай байгаа аж.

    MIDDLE-EAST-CONFLICT-GFX-2.png

    АНЭУ-ын мэдээлснээр агаарын довтолгоог саатуулах түвшин 90 хувиас давсан ч 20 мянган ам.долларын өртөгтэй дроныг устгахад дөрвөн сая ам.долларын пуужин ашиглаж буй нь Украины дайнаас хойш барууны цэргийнхнийг зовоосоор ирсэн нэгэн асуудлыг тод харуулж байна. Өөрөөр хэлбэл хямдхан зэвсгүүд нь илүү нарийн, өндөр өртөгтэй нөөцийг хурдан шавхах эрсдэлтэй юм.

    Мөргөлдөөний улмаас олон улсын хамгийн ачаалалтай Дубайн нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоож, Ойрх Дорнодын ихэнх улс агаарын хилээ хаагаад байна. Харин “Emirates” болон “Etihad Airways” компани ачааллыг бууруулах зорилгоор даваа гарагт хязгаарлагдмал нислэгүүдийг сэргээхээ мэдэгджээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    “Манай зорилго тодорхой. Нэгдүгээрт, бид Ираны пуужингийн хүчин чадлыг устгаж, та бүхний цаг тутамд харж байгаачлан тэдний шинэ, чанартай пуужин үйлдвэрлэх боломжийг таслан зогсоож байна. Хоёрдугаарт, бид тэдний тэнгисийн цэргийн хүчийг бүрэн саармагжуулж, аль хэдийн 10 хөлөг онгоцыг нь устгасан. Гуравдугаарт, дэлхийн терроризмыг ивээн тэтгэгч номер нэг улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй. Би анхнаасаа л хэлсэн. Тэд хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй. Манай улсын тун болчимгүйгээр байгуулж байсан хэлэлцээрийн хүрээнд тэд хууль ёсны дагуу цөмийн зэвсэгтэй болох замдаа ороод байсан. Эцэст нь, бид Ираны дэглэм өөрийн хилийн чанад дахь террорист бүлэглэлүүдийг зэвсэгжүүлэх, санхүүжүүлэх, удирдан чиглүүлэх цаашдын боломжийг хааж байна” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих