
Зургийг: С.Батсайхан
2025 оны эцсийн байдлаар Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нийт 3.3 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө зуучлан худалдсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 16.7 хувиар өссөн дүн боллоо.
Харин 9000 гаруй хэлцлээр 301 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан түрээсэлжээ. Энэ нь жилийн дүнгээр 28.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын 289 компани үйл ажиллагаа явуулж буй нь 2024 оныхоос 23-аар буюу 7.4 хувиар буурчээ.
Үүнээс гадна брокерын тоо 7.9 хувиар буюу 26-аар, агентын тоо 118 буюу есөн хувиар буурч, 1192 болсон байна. Ерөнхийдөө агент, брокерын тоо 2024 онд 2023 оныхоос өсөлттэй байсан ч өнгөрсөн онд эргэн буурчээ.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын нийт хөрөнгийн 74 хувийг 15 компани, 26 хувийг 274 компани бүрдүүлж байна.