logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трампын Иранд өгсөн цохилт АНУ хүч чадлаа дураар ашиглах шинэ эриний эхлэл боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 17:46
    586

    Зургийг: Цагаан ордон

    Нарийн төлөвлөсөн дайралтууд явуулж, тусгаар улсын Төрийн тэргүүний аминд хүрсэн нь АНУ олон арван жил баримталсан бодлогоосоо хазайж буйн илэрхийлэл

     Peter Martin, Eric Martin

    (Bloomberg) -- АНУ бусдын улсыг тохинуулж өгдөг цаг өнгөрсөн гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп байнга давтсаар ирсэн. Харин одоо тэрбээр урьдын АНУ-ын эрин үеийг санагдуулам интервенцийн бодлогыг гараа дэлгэн хүлээн авч байна. Дайсагнагч талын удирдагчийн амь насанд ил тодоор халдаж, эсвэл олзлон баривчилж, ингэхдээ цаашдын үр дагаврыг хэрхэн зохицуулах эсэх асуудлыг хайхарсан шинж харуулсангүй.

    Хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-ын хүчнийхэн агаарын гэнэтийн довтолгоогоор Венесуэл улсын Ерөнхийлөгчийг олзлов. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеиг ангуучлан устгах тушаал өгснөөрөө Дональд Трамп улам ахилаа. Харилцан довтолгоонд олон арван хүний амь эрсэдсэний дунд АНУ-ын гурван цэрэг багтаж байна. Ираны харвасан пуужин, дронууд бүс нутгийн хэд хэдэн оронд туссаны зэрэгцээ АНУ, Израилын цэргийн хүч довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Хурцадмал нөхцөл байдал, таамаглах аргагүй үр дагавар нь газрын тосны үнэд хэдийн нөлөөлж, геополитикийн эрсдэлд хөрөнгө оруулагчдын тэсвэр хэр байхыг сорьж эхлээд байна. 

    horm.jpg

    Үүгээр Дональд Трампын өгч буй мессеж илэрхий: Цөмийн зэвсэгтэй л биш бол АНУ-ын бараг ямар ч дайсан аюулгүй оршин тогтноно гэдэгтээ итгэлтэй байж болохгүй. Өрсөлдөгч улсууд нь АНУ-ын саад хориглолтгүй хүч чадлыг сөрөх шаардлагатай болж байна. Ингэснээрээ Вашингтон бусад улсаас ямагт шаардсаар ирсэн хууль журмын хязгаарлалтаа өөрсдөө эвдэж буй хэрэг хэмээн шүүмжлэгчид хэлж байна.

    “Дональд Трамп АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэсэн зөвхөн өөрийн итгэлдээ хөтлөгдөн ямар ч үед АНУ-ын цэрэг зэвсгийн агуу хүчийг саадгүйгээр ашиглахад бэлэн болсон шинжтэй байгаа нь санаа зовоож байна. Хүчтэй нь хүчгүйгээ дийлэх энэхүү арга барил нь аливаа улс бусад улсын удирдагчид чөлөөтэй халдах маш аюултай жишиг тогтоож байна. Чухам үүнээс сэргийлэхийн тулд л НҮБ-ын дүрэм зохиогдсон” хэмээн Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Питер Рикеттс "Bloomberg"-т онцолж байв.

    Ираны пуужингууд бүс нутгийн чухал байршлуудад туссанаар дэлхийн далайгаар тээвэрлэх газрын тос, байгалийн хийн 20 гаруй хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор хийх тээвэрлэлт эрс татраад байна. Мөн агаарын тээврийн компаниуд олон улсын зангилаа цэг Дубай зэрэг тус бүс нутгийн чиглэлүүдэд хийх нислэгээ түр зогсоолоо. 

    Энэ он гарсаар хэдийн 20 хувь дөхөж өсөөд байгаа брент төрлийн газрын тосны үнэ ням гарагт 13 хүртэлх хувиар огцом өсөж, баррель нь 82 ам.доллар хүрэв. "Bloomberg Economics"-ийн тооцооллоор Ормузын хоолой бүрэн хаагдвал газрын тосны үнэ баррель 108 ам.доллар хүрэх ч бололцоо бий. Алт, ам.долларын ханш мөн дээшилсэн бол АНУ-ын хувьцаануудын фьючерс ханшид ням гарагийн арилжаагаар уналт давамгайлав. 

    “Өмнөх Ерөнхийлөгч нарын үеийг харвал бид хүчээ хэзээ ч бүрэн ашиглаж байгаагүй. Түвшнээр илэрхийлбэл ихдээ VII түвшинд л байсан. Харин Трамп X түвшинд хүргэлээ. Энэ бол гайхамшигт шинэ ертөнц” хэмээн АНУ-ын Тагнуулын төв агентлагийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Жак Девайн онцолж байна. 

    Дональд Трамп өнгөрсөн оны XII, энэ оны эхний саруудад Ираны дэглэмийн эсрэг гудамжинд тэмцсэн жагсагчдыг Төрийн эрхээ авахыг уриалсан ч түүний засаг захиргаа Ираны сөрөг хүчний хөдөлгөөн хөл дээрээ зогсох суурийг бэлтгэсэн шинж одоохондоо алга байна. Ираны тал яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлт тавьсныг тэрбээр ням гарагт мэдээлсэн ч АНУ, Израилын тал Техраны цэрэг зэвсгийн чадавх, цөмийн хөтөлбөрийг бүрэн сүйрүүлэх зорилготой тул довтолгоо олон өдөр, олон долоо хоног ч үргэлжлэх магадлалтайг АНУ-ын албаныхан мэдээлжээ.

    АНУ-ын талаас хүлээх хохирол нэмэгдэх нь зайлшгүй ч “бүх зорилт нь биелэх хүртэл” цэргийн ажиллагаа үргэлжлэхийг Дональд Трамп ням гарагт мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих