
Зургийг: Atta Kenare/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Иран улсын Дээд удирдагч Аятолла Али Хаменeи АНУ, Израилын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэнээр газрын тосны хамгийн их нөөцтэй Ойрх Дорнодод үргэлжилж буй зөрчил шинэ шатанд гарч, далайн тээврийн нэн чухал суваг Ормузын хоолой дахь тээвэрлэлт тасалдаж эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар өөрийн сошиал хуудастаа “Түүхэн дэх хамгийн хорон муу хүмүүсийн нэг болох Аятолла Али Хаменeи алагдсан” хэмээн зарлаж, мөн “Хүчтэй, нарийн тусгалтай бөмбөгдөлт долоо хоногийн турш, шаардлагатай бол илүү урт хугацаанд зогсолтгүй үргэлжлэх болно” хэмээн мэдэгджээ.
Аятолла Али Хаменeи өөрийн ажлын өргөөндөө амь эрсэдсэн болохыг Ираны Төрийн хэвлэл Дональд Трампын мэдэгдлээс хэдэн цагийн дараа бататгасан бөгөөд 40 хоног үргэлжлэх үндэсний гашуудал орон даяар зарлагдсаныг мэдээллээ. Мөн дараагийн удирдагч сонгогдох хүртэл Иран улсыг түр хугацаанд удирдах тусгай зөвлөлийн гишүүдийг сонгосныг тус улсын Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн дарга Али Ларижиани мэдээллээ.
Исламын Бүгд Найрамдах улсыг 30 гаруй жилийн турш хатуу гараар захирсан удирдагчийг хороосон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааг тодорхойлох гол үйл явдал байж болохоор байна. Ирэх 11 дүгээр сард АНУ-ын Сенатын завсрын сонгууль хүлээж буй энэ үед Ойрх Дорнод дахь зөрчил сунжирснаар эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөх, америк цэргүүдийн хохирол нэмэгдэх эрсдэлтэй юм.
Аятолла Али Хаменеи амь үрэгдсэний дараа Ираны талаас нэн даруй хариу цохилт өгч, Израил болон Саудын Араб, Катар, АНЭУ зэрэг Персийн булангийн орнууд дахь АНУ-ын цэргийн баазуудад пуужингаар довтолсон. Харин Израилын зэвсэгт хүчин сөнөөгч онгоцнууд нь Ираны агаарын хамгаалалтын систем, пуужин харвах платформ зэргээс бүрдсэн 500 орчим байг онилж, довтолгооны чадавхыг нь ноцтой доройтуулсан болохоо мэдээлж байна.
Ням гарагийн байдлаар Ираны батлан хамгаалахын болон иргэний байгууламжуудыг чиглэсэн цохилтуудын улмаас 201 хүн амь үрэгдэж, 747 хүн шархдаад байгааг тус улсын телевиз мэдээлжээ.
Иран цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхихоос татгалзсантай холбоотойгоор энэхүү цэргийн ажиллагааг эхлүүлж буйгаа Дональд Трамп мэдэгдсэн юм. Мөн тэрбээр 1979 оны Исламын хувьсгалаар тогтсон дэглэмийг түлхэн унагахыг иранчуудад уриалж, хариу цохилт улам олон довтолгоо дуудахыг тус улсад анхааруулж байлаа.