
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- “Paramount Skydance” компани “Warner Bros. Discovery”-ийг 111 тэрбум ам.доллароор худалдан авах нь тус компанийн зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэж “S&P Global Ratings” мэдээллээ. Үнэлгээний “S&P Global Ratings” агентлаг “Paramount Skydance”-ийн зээлжих зэрэглэлийг “BB+” гэж үнэлээд байна.
"“Paramount Skydance” болон “Warner Bros. Discovery”-ийн нэгтгэсэн нийт өрийн хэмжээ асар их буюу 80 орчим тэрбум ам.доллар байх төлөвтэй. Энэ нь нэгдсэн компанийн үнэлгээнд маш их дарамт болохоор байгааг илтгэж байна. Компанийн хөшүүрэг одоогийн үнэлгээний түвшинд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй давж байна" гэж “S&P Global” мэдээллээ.
Санхүүжилтийн эцсийн нөхцөлөөс хамааран хөшүүрэг буюу компанийн өр, орлогын харьцаа долоо буюу түүнээс дээш байж магадгүй гэж шинжээчид тооцоолсон байна. Хэдий тийм боловч тус компани “BB+” үнэлгээгээ хадгалахын тулд хөшүүргээ 4.5 дахин бага байлгах шаардлагатай гэдгийг онцолжээ.
“Paramount Skydance” компани “Bank of America”, “Citigroup”, “Apollo Global”-аас 57.5 тэрбум ам.долларын өрийн санхүүжилт авч “Warner Bros. Discovery”-той байгуулах хэлцлээ санхүүжүүлэхээр байгаа аж.
Сүүлд “Warner Bros. Discovery” компани “Netflix”-тэй байгуулсан гэрээгээ цуцалснаар гэрээ цуцалсны 2.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг “Paramount Skydance” компани “Netflix”-д төлсөн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
“Netflix” хэлцлээс гарч, хувьцааны ханш нь өснө гэсэн бооцоо тавиад байсан опцион арилжаачид сүүлийн байдлаар 16 сая ам.долларын ашигтай байна.
Нэгдсэн компани нь Холливудын хоёр том студи болох “HBO” болон “CBS” болон кабелийн хэд хэдэн сувгийг эзэмших аж.
“Paramount Skydance”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Эллисон хэлцэлд ялалт байгуулахын тулд “Warner Bros. Discovery”-ийн хувьцаа эзэмшигчид, зохицуулагчид болон Цагаан ордонд хэдэн сарын турш компанит ажил өрнүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Дэвид Эллисон болон түүний баг улс төрчдийг “Netflix”-ийн хэлэлцээрийг эсэргүүцэхэд лоббидож, “Netflix”, “Warner Bros. Discovery” хоёр нэгдвэл Холливудад ямар сөрөг үр дагавар авч ирэх талаар мэдээлэл гаргажээ.
Дэвид Эллисон Вашингтонд хэд хэдэн удаа очиж, АНУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн зөвлөх Стефен Миллертэй уулзсан. Үүнээс гадна Дэвид Эллисоны олон жилийн улс төрийн хандив түүний зорилгод дэмжлэг болсон гэж үзэж байна.
Мөн “Paramount Skydance” АНУ-ын Хууль зүйн яаманд тендерийн саналуудыг хянах хугацааг яаравчлуулах санал тавьсан аж. Ингэснээр хянан шалгах үйл явцыг хурдлуулж, гурван сараас бага хугацаанд дуусгаснаар "Warner Bros. Discovery”-д илүү хурдан санал тавьж чадсан байна. Хэдий тийм боловч шинээр нэгдсэн компани их хэмжээний өрөө төлөхийн тулд зардлаа бууруулахад олон жил зарцуулж, зохицуулалтын хатуу хяналттай тулгарах магадлалтай хэвээр байгаа юм.
Нью-Йоркийн өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшийг харвал “Paramount Skydance”-ийн хувьцааны ханш 20 хувь давж огцом өссөн бол “Netflix”-ийн хувьцааны ханш мөн 96 ам.доллар давж өссөн байна.